
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
Манай улсын таван жүдочоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар долоодугаар байр эзлэв.
Өнөөдөр эрэгтэй 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэй 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.
Хэсгийн барилдаан 11:00 цагаас, медалийн төлөөх барилдаан 16:00 цагаас эхэлнэ.
19 орны жүдочид оролцож буй тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын баг хоёр алт, нэг хүрэл медальтай тэргүүлж эхэллээ. Эхний өдөр БНХАУ гурван хүрэл, Япон, БНСУ-ын баг нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 6-8-р байрт жагслаа.