
Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хуралдааныг удирдсан Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм.
Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчээс улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар 32 хүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлэв.
Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явууллаа.


Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.
Санал хураалтын дүнд 99.7 хувийн саналаар МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас батлав.
Бага хурлын үеэр МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг өөрийн танхимдаа ажиллахыг урьсан байна.
Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын даргын албан тушаалд хэнийг сонгохыг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын томилгоо ирэх долоо хоногт өрнөхөөр хүлээгдэж байна.