Монголын залуучуудын холбоо 1994 оноос эхлэн жил бүр Төрийн их баяр наадамд тав давж начин цолны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага гардуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн дааганы эзнээр Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж тодорлоо. Тэрээр улсын арслан Ц.Содномдоржоор тав давж начин цолны болзол хангасан билээ.
Улсын начин цолны болзол хангаад буй аймгийн арслан М.Бямбадорж 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд аймгийн арслан цол хүртсэн юм.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаас хоёр улсын начин төрөн гарсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж хоёулаа 1991 оных юм. Сараар нь тооцож үзвэл М.Бямбадорж долоодугаар сарын 20-нд, Ш.Отгонтөгс гуравдугаар сарын 1-нд мэндэлжээ.


Энэ жил хамгийн залуу начинд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Отгонсэлэнгийн унаган адуун сүргээс хурдан удмын даага гардуулахаар болсон билээ.