
Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн ч уг өсөлт өрх бүрийн амьжиргаанд ижил хэмжээгээр хүрч эергээр нөлөөлсөнгүй.
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн аравдугаар сарын үнэлгээгээр эдийн засгийн өсөлтийг уул уурхайн үйлдвэрлэл, зэсийн олборлолт голлон дэмжжээ. Харин есдүгээр сард инфляц 12.9 хувьд хүрч, хүнсний үнийн өсөлт болон шатахууны нийлүүлэлтийн тасалдал өрхийн худалдан авах чадварт дарамт учруулж байгааг тус сан анхааруулсан юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн есдүгээр сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өсжээ. Монголын нөхцөлд үнийн өсөлтийн нөлөөг хүнсний бүлгийн үзүүлэлт тодхон харуулдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 20.8 хувиар нэмэгдсэн нь ерөнхий инфляцаас үлэмж өндөр үзүүлэлт байв. Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 46.9 хувиар өссөн төдийгүй тээврийн үйлчилгээний үнийн өсөлт ч инфляцад мэдэгдэхүйц нөлөөлжээ.
Эдгээр үзүүлэлт нь зөвхөн үнийн ерөнхий түвшин нэмэгдсэнийг бус, өрхийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээний зардалд хүчтэй дарамт үүссэнийг харуулж буй.
Эдийн засгийн өсөлт, өрхийн амьжиргааны түвшин хоорондоо холбоотой хэдий ч ижил үзүүлэлт биш. ДНБ өсөхөд үйлдвэрлэл, экспорт, төсвийн орлого нэмэгдэх боломжтой. Гэвч өрхийн орлого үнийн өсөлтийг гүйцэхгүй бол бодит худалдан авах чадвар буурдаг.
Жишээлбэл, өрхийн тогтмол орлого өөрчлөгдөөгүй байхад хүнс, түлш, тээврийн зардал өсвөл бусад хэрэгцээнд зарцуулах мөнгө хумигдана. Ийм нөхцөлд өрх хэрэглээгээ танах, хуримтлалаа ашиглах, худалдан авалтаа хойшлуулах эсвээс зээлээр өдөр тутмын хэрэгцээгээ санхүүжүүлэхэд хүрч болно. Энэ бол үнийн өсөлтийн өрхийн түвшинд үүсгэх боломжтой эдийн засгийн сөрөг үр дагавар юм.
Дэлхийн банкны 2026 оны аравдугаар сарын ядуурал, тэгш байдлын тоймд дурдсанаар Монголын ядуурлын хамгийн сүүлийн албан ёсны судалгаа 2022 онд хийгдэж улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байжээ. Монголд ядуурал өндөр хувьтай байгаа дээр нэмээд геополитикийн нөлөөллөөс болоод амьжиргааны өртгийн хямрал үүсэх эрсдэл нүүрлээд байна. Амьжиргааны өртгийн хямрал (Cost-of-Living Crisis) гэдэг нь өдөр тутмын зайлшгүй хэрэглээний үнэ өрхийн орлогоос хурдан өсөж, хүмүүсийн амьдралын наад захын хэрэгцээгээ хангах чадвар доройтохыг хэлдэг.
Товчхондоо иргэдийн орлого нэмэгдсэн ч амьдралын зардал орлогоос нь хурдан өсөх, эсвэл орлого нь нэмэгдэхгүй байхад зардал огцом нэмэгдэхэд амьжиргааны өртгийн хямрал үүснэ гэсэн үг. Инфляц буурлаа гэдэг нь үнэ буурсан гэх үг биш. Үнэ өсөх хурд саарсан гэсэн үг.
Харин цалин, тэтгэвэр, тэтгэмж уг өсөлтийг нөхөж чадахгүй байвал амьжиргааны өртгийн хямрал үргэлжилж болно. Ийм хямралын үр дагавар үнэ тогтворжсоноор шууд арилдаггүй.
Харамсалтай нь үнийн өсөлт бүх өрхөд ижил нөлөөлөхгүй. Орлого багатай өрхүүд орлогынхоо ихэнх хувийг хүнс, эрчим хүч зэрэг зайлшгүй хэрэгцээнд зарцуулдаг тул эдгээрийн үнийн өсөлтөд илүү эмзэг байдаг. Тийм ч учраас амьжиргааны өртгийн хямралыг зөвхөн үнэ өссөн үеийн түр зуурын хүндрэл гэж үзэж болохгүй. Үнэ тогтворжсон ч өрхийн худалдан авах чадвар өмнөх түвшиндээ шууд сэргэхгүй байж болно. Инфляцын хүлээлт өндөр хэвээрээ үлдвэл цалин, үнэ, мөнгөний бодлогод дарамт үүсэх эрсдэлтэй.

Монголд шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үнийн асуудалтай зэрэгцэн илэрсэн. Аравдугаар сарын 12-ноос АИ92 бензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 500-550 төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээлсэн. Шатахууны үнийн нөлөө зөвхөн автомашин эзэмшдэг хүмүүст хамаарахгүй. Тээвэрлэлтийн зардал нэмэгдэхэд хүнс, өргөн хэрэглээний барааны түгээлтийн өртөг өсөх боломжтой. Мөн бараа, үйлчилгээний үнэ шатахууны зардлын өөрчлөлтийг хэр хурдан шингээхээс хамаарч өрхүүдэд дам нөлөө үзүүлнэ. Тиймээс шатахууны үнийн бодлогыг зөвхөн нэг литр бензиний үнийг хэдээр тогтоох асуудал гэж үзэх нь хангалтгүй. Үнийн өөрчлөлтөөс хэн шууд хохирч, хэн тээвэр болон барааны үнээр дамжин алдагдал хүлээж, эдгээр өрхийн орлого, зардлын өсөлтийг даах боломжтой эсэхийг хамтад нь авч үзэх шаардлагатай.
ОУВС-гийн 2026 оны аравдугаар сарын World Economic Outlook тайлангийн хоёрдугаар бүлэгт амьжиргааны өртгийн хямралыг судалжээ. Тайланд хүнс, тээвэр, цахилгаан, хий болон бусад түлш зэрэг зайлшгүй хэрэгцээний үнэ огцом өсөж, бусад бараа, үйлчилгээний үнэ болон нэрлэсэн цалингийн өсөлтөөс түрүүлсэн нөхцөлийг онцолсон байна.
ОУВС-гийн загварчлалын нэг чухал үр дүн нь зорилтот мөнгөн шилжүүлгээр бий болгох хамгаалалттай ижил үр дүнд үнийг нийтээр нь татаасаар бууруулах замаар хүрэхэд тухайн улсын нөхцөлөөс хамааран 3-22 дахин их төсвийн нөөц шаардагдаж болохыг харуулжээ. Энэ нь өргөн хүрээний татаас, үнийн хязгаарлалт төсвийн хувьд ямар өртөгтэй байж болохыг харуулсан загварчлалын үр дүн юм. Тодруулбал, шок түүхэн жишгээс үлэмж давсан, түр зуурын боловч эдийн засагт саад учруулах эрсдэлтэй бол үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд жигдрүүлэх хувилбарыг авч үзэж болно. Гэхдээ энэ нь үнийг бүрэн барь гэсэн үг биш. Тайлангийн гол санаа нь төр зах зээлийн үнийн өөрчлөлтөд огт оролцож болохгүй гэсэн ч үг бус. Харин ямар нөхцөлд, хэнд, ямар хугацаанд, ямар зардлаар дэмжлэг үзүүлж байгаагаа тооцох ёстой гэх зарчим юм. Үнийн өсөлтийг нийтээр нь барих нь богино хугацаанд хэрэглэгчдэд мэдэгдэхүйц хөнгөлөлт үзүүлж болох ч төсвийн их хэмжээний нөөц шаардах, нийлүүлэлтийн дохиог сулруулах, хожим үнийг тохируулахад хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Харин зорилтот мөнгөн дэмжлэг нь хамгийн их өртсөн өрхүүдийн худалдан авах чадварыг хамгаалахын зэрэгцээ төсвийн зардлыг хязгаарлах боломж олгоно. Гэхдээ энэ нь хамрах хүрээ, мэдээллийн чанар, хэрэгжилтийн хурднаас шууд хамаарна.
Тухайлбал импортын өртөг өссөөр байхад шатахууны жижиглэнгийн үнийг зохиомлоор доогуур баривал зөрүүг хэн, ямар эх үүсвэрээр нөхөх вэ гэдэг асуудал гарна. Энэ зөрүү төсөв, төрийн өмчит компани, нийлүүлэгч эсвэл зах зээлийн бусад оролцогчид очиж болно. Мөн үнийн дохио суларснаар эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахад хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр эдийн засгийн бодлогын гол асуулт нь шатахууны үнийг ямар түвшинд барих вэ гэдгээр дуусахгүй. Үнийн өсөлтөөс хамгийн их хохирч буй өрхүүд хэн бэ, тэдний бодит худалдан авах чадвар хэр буурсан бэ, төрийн зарцуулсан нэг төгрөгөөр тэднийг аль арга хэмжээ илүү сайн хамгаалах вэ гэдгийг тогтоох нь чухал.
Амьжиргааны өртгийн хямралын үр дагаврыг улам хүндрүүлж, бусад инфляцын үеэс ялгаруулдаг хоёр үндсэн шинж
- Зайлшгүй хэрэгцээт бараа, үйлчилгээний эрэлт
үнийн өөрчлөлтөд харьцангуй бага мэдрэг байдаг. Учир нь хэрэглэгчид эдгээр
бараа, үйлчилгээг өөр зүйлээр орлуулах, эсвэл үнэ буурахыг хүлээх боломж
хязгаарлагдмал.
- Зайлшгүй хэрэгцээт бараа, үйлчилгээ нь өрхийн нийт
хэрэглээний зардлын ихээхэн хувийг эзэлдэг. Энэ нь ялангуяа бага орлоготой
өрхүүдэд илүү тод илэрдэг.
Хөгжингүй орнуудын дундаж үзүүлэлтээр зайлшгүй хэрэгцээт бараа, үйлчилгээ нь өндөр орлоготой өрхийн нийт хэрэглээний зардлын ойролцоогоор 50 хувь, бага орлоготой өрхийнх 70 хувийг эзэлдэг. Харин бага орлоготой хөгжиж буй орнуудын хувьд эдгээр үзүүлэлт 70-80 орчим хувь байдаг аж.
Монгол өрхийн амьжиргаанд үнийн өсөлтийн хувьд
- Ядуу бүлэгт тулгарах инфляц нь чинээлэг
өрхүүдийн инфляцаас өндөр,
- Үнийн өсөлтийн дарамт хамгийн ихээр мэдэрч буй
хэсэг нь 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэх эхчүүд, хөгжлийн
бэрхшээлтэй болон онцгой анхаарал халамж шаарддаг гишүүнтэй өрхүүд,
- Эмэгтэй
өрхийн тэргүүнтэй өрхүүдэд үзүүлэх инфляцын дарамт 1-2 нэгж хувь илүү.
“Монгол
Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө”
судалгаа
Тиймээс амьжиргааны өртгийн хямрал өрхүүдэд ялгаатай байдлаар нөлөөлж буй асуудлыг шийдвэрлэх нь төсвийн бодлогын нэг үүрэг болдог. Тэгээд л бодлогын аргаа сонгохдоо үнийн өсөлтийн эх үүсвэр, үргэлжлэх хугацаа, өрхүүдэд дамжих сувгийг ялгаж үзэх шаардлага үүсдэг хэрэг.
ОУВС-гаас амьжиргааны өртгийн хямрал үүсэх эрсдэлтэй бол нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулан зорилтот бүлгийн өрхүүдэд мөнгөн шилжүүлэг олго гэж зөвлөж. Ингэвэл үнийн дохиог хадгалж, төсвийн зардлыг хязгаарлана. Маш их хэмжээний боловч түр зуурын шокын үед нэг удаагийн нөхөн олговор олгох, эсвэл үнийн өсөлтийг тодорхой хугацаанд үе шаттай нэвтрүүлэх зэрэг нэмэлт арга хэмжээ авч болно. Ингэснээр үнийг бүрэн царцаахгүйгээр өрхүүдэд үнийн өсөлтийг даван туулах боломж олгоно. Хүнсний аюулгүй байдалд эрсдэл учирч, нийгмийн хамгааллын тогтолцоо хангалтгүй байгаа тохиолдолд хамгийн сүүлийн арга хэмжээ болгон өргөн хэрэглээний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний татварыг түр бууруулах, эсвэл татаас олгох нь зохистой байж болно. Гэхдээ ийм арга хэмжээг дуусгах тодорхой, итгэл төрүүлэхүйц хугацааны төлөвлөгөөтэй хамт хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Харин бизнес эрхлэгчдийг өрхөд үзүүлж буйгаас өөрөөр дэмжих хэрэгтэй гэнэ. Тодруулбал, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой бизнесүүдийг хэвийн ажиллуулах, шаардлагагүй дампуурлаас сэргийлэхэд чиглэх ёстой. Дэмжлэг нь бизнесийн урт хугацааны тогтвортой ажиллагаатай холбоотой суурь асуудлыг бус, богино хугацааны мөнгөн урсгалын хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэнэ. Мөн санхүүгийн хувьд үндсэндээ тогтвортой, эсвэл стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд төвлөрөх хэрэгтэй. Ялангуяа зардлын өсөлт нь хэрэглээний үнэд хурдан шингэдэг салбаруудад энэ нь чухал аж. Засгийн газрын батлан даалттай зээл, зээлийн шугам, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг богино хугацаагаар хойшлуулах зэрэг түр хугацааны хөрвөх чадварын дэмжлэг нь эхний ээлжид хэрэглэж болно. Ингэснээр төсөвт харьцангуй бага зардалтай, мөн дараа нь цуцлахад хялбар байдаг аж. Харин шууд буцалтгүй тусламж олгох, эсвэл аж ахуйн нэгжийн өмчийн хөрөнгөд төрөөс хөрөнгө оруулах арга хэмжээнээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Эдгээр нь төсөвт өндөр зардалтайгаас гадна улс төрийн хувьд буцаахад хүндрэлтэй байдаг гэдгийг анхааруулжээ.