
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг нээлээ.
Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд 17.6 га газарт 262.7 сая ам.долларын өртөгтэй хоногт 250.000 метр куб хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр нээлтээ хийж байна. Маш өндөр ач холбогдолтой. Хамгийн сүүлийн үеийн стандартын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон" гэв.
Ус Сувгийн Удирдах Газар(УСУГ)-ын дарга Ц.Төрхүү "Шинэ цэвэрлэх байгууламж бол сүүлийн 60 жилд хийгдээгүй, томоохон бүтээн байгуулалт. Хоногт 250 мянган метр куб усыг хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг хүлээж авлаа. Тус байгууламж дээр ажиллах 70 гаруй ажилтанг найман удаа БНХАУ руу явуулж сургасан. Хуучин цэвэрлэх байгууламжаас өөр технологитой. Тиймээс ажиллах хүчнээ бэлтгэхээс өөр аргагүй" гэв.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр хаягдал усыг 98 хүртэлх хувийн үр ашигтайгаар цэвэрлэх хүчин чадалтай, 55 барилга байгууламжаас бүрдэх бүрэн автомат үйлдвэр юм. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн бохир ус цэвэрлэгээний хүчин чадал нэмэгдэж, Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.