
Бээжингийн сансрын хөтөлбөрийн гол пуужингуудын нэг гэж тооцогддог Long March 7A пуужин хөөрөх үеэрээ осолдсон нь харьцангуй ховор тохиолддог осол аж.
Хятадын хиймэл дагуулыг тойрог замд оруулах ёстой байсан Long March 7A пуужин даваа гарагт хөөрснөөсөө ердөө 85 секундын дараа дэлбэрчээ.
Уг пуужин Хайнань арлын Вэньчан сансрын хөөргөх талбайгаас даваа гарагийн орой хөөрсөн байна. Ослын дүрс бичлэгт пуужин агаарт хөөрч явснаа задран дэлбэрч буй нь харагджээ.
Гэхдээ өмнөх амжилттай хөөрсөн тохиолдлуудтай харьцуулахад энэ удаагийн ослыг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харьцангуй бага мэдээлсэн байна.
Төрийн мэдээллийн агентлаг Синьхуа гурван цагийн дараа ослыг баталгаажуулж, “пуужин нислэгийн үеэр хэвийн бус байдалтай тулгарсан” гэж мэдээлжээ. Шалтгааныг шалгаж байгаа гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Хятадын цахим орчинд хөөрөлтийн дүрс бичлэгүүдийн ихэнх нь төрийн байгууллагуудтай холбоотой эх сурвалжаас нийтлэгдсэн бол энгийн хэрэглэгчдийн байршуулсан зарим бичлэг Xiaohongshu болон Douyin зэрэг платформуудаас устгагдсан, эсвэл хайлтаар бага харагдах болжээ.
Хятадын сансрын хөтөлбөрт үзүүлэх нөлөө
Хятадын удирдагч Ши Жиньпин 2050 он гэхэд Хятадыг сансрын шинжлэх ухааны дэлхийн тэргүүлэгч орон болгох зорилт тавьсан. Тус улс мөн АНУ-тай дахин ашиглах боломжтой пуужин, сарны судалгаа, хиймэл дагуул хөөргөх зэрэг олон чиглэлд ширүүн өрсөлдөж байна.
SpaceX-ийг үндэслэгч Илон Маск өөрийн компанийн туршилтын үеэр олон пуужин хөөрснийхөө дараа дэлбэрч байсныг харсан туршлагатай. Тэрээр X платформд “Пуужин бүтээх асар хэцүү” гэж бичжээ.

Long March 7A ямар пуужин бэ?
Long March 7A нь Хятадын пуужин хөөргөх технологийн академи буюу CALT-ийн зохион бүтээсэн хиймэл дагуул тээвэрлэгч пуужин юм. CALT нь Хятадын сансрын хөтөлбөрийн гол төрийн өмчит гүйцэтгэгч болох China Aerospace Science and Technology Corporation (CASC)-ийн харьяа байгууллага.
Даваа гарагийн хөөрөлт нь Long March 7A-ийн 18 дахь нислэг байх ёстой байсан бөгөөд өмнө нь ердөө нэг удаа буюу 2020 онд анхны нислэгийнхээ үеэр бүтэлгүйтэж байжээ.
Харин 2021 оны гуравдугаар сард хийсэн хоёр дахь оролдлого амжилттай болсон байна.
Энэ удаагийн пуужин Zhongxing-4B буюу ChinaSat-4B хиймэл дагуулыг тээвэрлэж явсан. Уг хиймэл дагуул нь дэлхий даяарх хэрэглэгчдэд радио, телевиз болон бусад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх зориулалттай байжээ.
Вэньчан дахь хөөрөлтийг нутгийн оршин суугчид, жуулчид үзэхээр цугладаг. Даваа гарагийн ослын дараа цахим орчинд нийтлэгдсэн нэгэн бичлэгээс хүмүүсийн гайхаж, уулга алдах чимээ сонсогджээ.
Zhuque-3-ийг хөөргөх ажиллагаа хойшилжээ
Long March 7A осолдсоны дараа мягмар гарагийн өглөө Хятадын Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөхөөр төлөвлөж байсан Zhuque-3 пуужинг хөөргөх ажиллагааг хойшлуулсан гэж Шанхайд төвтэй санхүүгийн Yicai мэдээлжээ.
Zhuque-3-ыг Хятадын хувийн сансрын компани LandSpace бүтээсэн нь Хятадын дахин ашиглах боломжтой пуужин бүтээх хамгийн томоохон оролдлогуудын нэг юм. Пуужин анхны нислэгээ 2025 оны арванхоёрдугаар сард хийсэн боловч тухайн үед эхний шат нь шатаж, төлөвлөсөн буултын талбайн ойролцоо осолдсон байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн сард Хятад улс тойрог замын нислэгийн туршилтын үеэр тээвэрлэгч пуужингийн эхний шатыг амжилттай буцаан газардуулсан нь дахин ашиглах боломжтой пуужингийн хөтөлбөрийнх нь томоохон ахиц болсон юм.
Тэр туршилтаар пуужингийн эхний шат нь дээд шатнаасаа салснаас хойш ойролцоогоор зургаан минутын дараа хөвөгч тавцан дээр амжилттай буцаж газардсан гэж Хятадын төрийн CCTV мэдээлсэн.
Long March 7A-ийн үндсэн үзүүлэлт
Long March 7A нь Zhuque-3-аас ялгаатай нь дахин ашиглах зориулалтгүй, гурван шаттай пуужин юм. Урт нь ойролцоогоор 60 метр, 4 хурдасгууртай, Геостационар шилжих тойрог замд (GTO) тээвэрлэх даац нь 7 метр тонн хүртэл, GTO-ийн өндөр нь дэлхийн гадаргаас ойролцоогоор 35 405 км аж.
Иймээс энэ удаагийн осол нь зөвхөн нэг хиймэл дагуул алдагдсан явдал биш, харин Хятадын найдвартай ажиллагаагаараа танигдсан Long March пуужингийн системд гарсан мэдэгдэхүйц доголдолл тооцогдож буй юм.