
Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номыг "Шаравын Чоймаа" сангаас эмхэтгэн гаргав.
Тус таван боть нь Ш.Чоймаагийн бие даан туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл юм. Уг чуулганд монгол хэл, соёл, түүхэн сурвалж, шашин, уламжлалт мэдлэг ухааны чиглэлийн судалгаануудыг нэгтгэн багтаажээ.
Цаашид “Шаравын Чоймаа” сан монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол бичиг соёлоо хамгаалах, дархлааг нь бэхжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг зорьж байгаа аж.
Мөн ирэх наймдугаар сард монгол сурвалж бичгийн анхдугаар их хурлыг тус сангийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид уг хурлыг хоёр жил тутам зохион байгуулахаас гадна дэлхийн монгол судлалын салбарт гарсан сурвалж судлалын шилдэг бүтээлд Ш.Чоймаагийн нэрэмжит шагналыг олгож байхаар болжээ.