
Гэр бүл бол нийгмийн хамгийн чухал, үндсэн нэгж. Гэр бүл тогтвортой, нийгэм, эдийн засгийн асуудал багатай, аз жаргалтай, бүрэн бүтэн байвал тухайн нийгмийн олон асуудал цэгцрэх учиртай. Хүн амын өсөлт ч үүнтэй нягт холбоотой. Харамсалтай нь, манай улсад гэр бүл тойрсон асуудал нэн их. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд 79 577 хос гэрлэлтээ бүртгүүлж, 20 499 хос гэрлэлтээ цуцлуулсан нь нэгийг өгүүлнэ. Гэрлэх нас хойшилж, 30 гарсан ганц бие залуус элбэг болж, айл өрхүүд олон хүүхэд төрүүлэхээс цааргалж, огт хүүхэд төрүүлэхгүй гэх үзэл бодолтой иргэд урьд байгаагүйгээр олширч байна. Эдгээрээс Монгол Улсад гэр бүл, өрх айлын нөхцөл байдал ямар түвшинд байгаа нь шунхгүй харагдана. Чухам яагаад залуучууд өрх бүл үүсгэхээс татгалзаж, үүсгэсэн, босгосон нь салах шийдвэрт хүрч, хүүхэд төрүүлэхээс цааргалах болсон нь хөндөх учиртай хамгийн чухал өнцөг. Энэ бол ерөөсөө л манайд гэр бүлийг, тэр дундаа шинээр айл болж буй залуу өрхийн дэмжих нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой. Үүнийг эрх баригчид ч хэлдэг. Тиймээс “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлдэж байгааг салбарын сайд өчигдөр мэдээллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль бол 990 гаруй мянган гэр бүл рүү чиглэсэн хууль. Гэр бүр цуцлалт жил бүр нэмэгдэж, мөн төрөлт багасан Монгол Улсын хүн ам жилдээ 40 мянга орчмоор л нэмэгдэж байна. Иймээс гэр бүлийг дэмжих бодлого баримтлах шаардлага тулгарч байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр, гэр бүлийг дэмжих эрх зүйн боломж бий болно гэх хүлээлт нийгэм, нийтийн дунд бий. Тиймээс тус хуулийн төсөлд тусгагдсан голлох заалтыг дэлгэрүүлье.
Гэр бүлийн хөгжлийг үндсэн зургаан чиглэлээр дэмжихээр хуулийн төсөлд тусгажээ. Үүнд,
Орон сууцны дэмжлэг
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх болон ипотекийн зээл олгох зорилтот бүлгийн жагсаалтад орсон залуу гэр бүлийг ипотекийн зээлд очергүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх аж.
Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.6-д заасан хуримтлалын нэрийн дансны мөнгөн хөрөнгө орон сууцны төлбөрийн таван хувьд хүрсэн тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасны дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.
Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл ахмад настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулна.
Орон нутгийн нэгжийн удирдлага иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан болон эзэмших эрхтэй газар дээрээ эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад дэмжлэг үзүүлэх асуудлыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Ажил амьдралын тэнцвэрийг хангах
Ажилтан хувийн амьдрал, гэр бүл, ажил хөдөлмөртөө зохистой цагийг зарцуулж, бүтээлч байх, ажил, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл, орчныг бүрдүүлэх, ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх зэргээр хоёр талаас тэнцвэрт байдлаа хангах зохицуулалт хийхийг тусгажээ. Улмаар хуульд эцэг, эх нь үр хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх заалтыг оруулсан байна. Тухайлбал,
Түүнчлэн гэр бүлийн боловсролыг дэмжих сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын, соёлын болон гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага зохион байгуулахыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр заасан байна. Эдгээрээс гадна, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна. Мөн “Гэр бүлийн өдөр” тохиосон долоо хоногийг нийтээр тэмдэглэнэ гэдгийг тодотгосон байна.
Мөн жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулдаг болохоор тусгасан байна. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ өөрчлөгдөхгүй ч зохицуулагдах хууль хувирч байгааг салбар яам мэдээллээ.
Гэр бүлийн хөгжлийг, тогтвортой байдлыг, эдийн засгийн асуудлыг эрх зүйн хүрээнд анхаарч байгаа нь сайн хэрэг. Бүр зүйд ч дөхнө. Гэхдээ хууль өргөн барьж, баталлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Хэрэгжилт дээр нь анхаарч, гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудлыг хийгүй анхаарах хэрэгцээ, шаардлага манай нийгэмд нэн тулгамдаад байна.