
Австралийн нэгэн эмэгтэй зургаан настай хүүгээ хорт хавдартай гэж худал мэдээлж, хандив цуглуулан тансаг амьдралаа санхүүжүүлсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял сонслоо.
Өмнөд Австралиас гаралтай 45 настай уг эмэгтэй хүүгийнхээ үс, хөмсгийг хусан толгой болон гарыг нь боож, эм хэрэглүүлэн гэр бүл, найз нөхдөө төөрөгдүүлж, олон мянган долларын хандив босгож байжээ.
Хуулийн шалтгаанаар нэрийг нь нууцалсан тухайн эмэгтэй хүүдээ хор хохирол учруулж болзошгүй үйлдэл хийсэн нэг, залилан мэхэлсэн 10 зүйл ангиар гэм буруугаа хүлээсэн байна.
Лхагва гарагт болсон шүүх хуралдаанд дүүргийн шүүхийн шүүгч түүний үйлдлийг “харгис”, “тооцоотой”, “зальжин” гэж тодорхойлжээ.
Шүүхийн мэдээлснээр уг залилан хүү нь ослын дараа нүдний эмчид үзүүлснээс эхэлсэн байна. Үүний дараа тэрээр нөхөр, гэр бүл, найз нөхөд болон сургуулийн орчиндоо хүүгээ нүдний хавдартай гэж мэдэгджээ.
Тэрээр хүүгээ тэргэнцэр хэрэглүүлэхийг албадаж, өдөр тутмын үйл ажиллагааг нь хязгаарлан туяа эмчилгээ хийлгэж байгаа мэт харагдуулж байжээ. Мөн өвчин намдаах эм, нэмэлт бүтээгдэхүүн өгч байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Прокурорын зүгээс уг эмэгтэй “хүүгээ заль мэхний хэрэгсэл болгон ашиглаж, ойр дотныхноо төөрөгдүүлсэн” бөгөөд цуглуулсан мөнгөөрөө “чинээлэг, алдартнуудын амьдрал”-ыг дуурайсан гэж мэдэгджээ.
Харин өмгөөлөгч нь Ковид19 цар тахлын дараа мөрийтэй тоглоомын дон тусаж, хүүгийнхээ ослыг ашигласан ч гэр бүлдээ хор хүргэх зорилгогүй байсан гэж тайлбарласан байна. “Тэр орлогоосоо давсан зардал гаргаж, боломжоо хэтрүүлэн амьдарч байсан” гэж өмгөөлөгч нь хэлжээ.
Эмэгтэйн нөхөр эхэндээ хэрэгт татагдсан ч цагдаа нар хожим хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэрээр хохирогчийн мэдүүлэгтээ “эхнэр маань намайг болон хүүхдүүдийн минь амьдралыг сүйрүүлсэн” гэжээ.
Шүүхийн гадна нөхөр нь “ямар ч ял оноосон хүүхдүүдэд учирсан зүйлийг нөхөж чадахгүй” гэж Австралийн Australian Broadcasting Corporation мэдээллийн байгууллагад ярьжээ.
Эмэгтэй дөрвөн жил гурван сарын хорих ял авсан ч ирэх оны 4 дүгээр сараас тэнсэн суллагдах боломжтой юм.