
Монголын үндэсний бөхийн холбооноос орон нутаг дахь бөхийн салбар холбоодтой хамтран аймгуудад томоохон барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Архангай аймагт өсвөрийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн бол маргааш Дархан-Уул, нөгөөдөр Говь-Алтай аймагт бөхийн барилдаантай.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсвөрийн 63, залуучуудын 16 дахь удаагийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд өсвөрийн 16, 17, 18 нас, залуучуудын 19-20 насны шилдэг бөхчүүд оролцож байна. Барилдаан маргааш өндөрлөнө.
Мөн Дархан-Уул аймагт Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно. Түүнчлэн энэ сарын 18 буюу ням гарагт Говь-Алтай аймгийн Алтай хотод “Алтайн хүлэг” морин спорт, уяачдын холбооны түүхт 30 жилийн ой, Баруун бүсийн уяачдын зөвлөгөөнд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах аж. Тус барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөг гардах юм байна.