
Зохиолч, Д.Урианхай судлалын академийн тэргүүн, AUM паблишингийн үүсгэн байгуулагч Д.Гүнболдын “Аарууру” туужийн нээлт энэ сарын 15-нд “Аlpha Marshal”-д болно. Номын нэрийн хувьд “Ааруул” хэмээх үгийн япон дуудлага маягаар зохиомжлон сэтгэсэн байна. Тус туужид эхийн сэтгэл, монгол хүний нинж чанарыг үйл явдал, дүрүүдийн дотоод монолог, байгаль цаг уурын өөрчлөлттэй нэхэн сүлжиж, тод томруун урласнаас гадна дайны хор хөнөөл, хэзээд үл арилах уршгийг уншигчдад эрс өөр өнцгөөс харуулна.
“Аарууру” тууж нь чөлөөлөх дайны үеэр нэгэн буйдхан сууринд олзлогдон ирсэн япон цэргүүдийн хувь заяагаар дамжуулан дайсан хэмээх хийсвэр ойлголтын цаана орших хувь хүнийг хэрхэн олж харах тухайд зохиолчийн өнцгөөс уран сайхнаар зохиомжлон урласан бүтээл юм. Гол дүрийн эмэгтэй болох Дэжид, япон цэрэг Шинтаро нарын хооронд чимээгүй үүсэх эх үрийн нандин холбоо, түүнийг дайсан бус, хүүтэйгээ адил санаж, хүн хэмээн энэрэх нь дайны урхагаар татсан “бид” ба “тэд” хэмээх заагийг дотроос нь цуулж, хүний ёсны өгөөмөр чанар, хагацал, эх хүний сэтгэл ямар ч үзэл суртал, хил хязгаараас хүчтэйг илтгэнэ.
Гэвч туужийн хөндөж буй зүйл зөвхөн энэрэл биш, дайн хүнийг хэрхэн дотроос нь хоосруулж, амьдралд идэвхтэй байх хүсэл тэмүүллийг нь мохоодог болохыг ухсан, эмгэнэл нэвт ханхлах утга билээ. Дайныг ялалт, ялагдлын түүхээр бус, хүний сэтгэлд үлдээсэн шарх, дайсан хэмээн нэрлэгдсэн нэгнийг хүртэл хүн гэж харах тэр өчүүхэн боловч асар том мөчөөр хэмжсэнээрээ мөн чанарын тухай нам гүм, хөндүүр урсацыг тээсэн өгүүлэмжтэй бүтээл гэдгээрээ онцлогтой.
Номын нээлтэд Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй уран бүтээлч, яруу найрагчид оролцох бөгөөд Нисванис Энх-Амгалан, The Lemons, Шөнийн галт тэрэг, The GALTMAH, The PIPS зэрэг хамтлаг, артистууд ая дуугаа өргөх юм.