Герман улсын Дуйсбург хотод өнөөдөр дэлхийн оюутны “Универсиад” XXXII наадмын нээлтийн арга хэмжээ болно. “MCB Арена” цэнгэлдэхэд болох арга хэмжээнд 120 гаруй орны баг тамирчид оролцохоор бэлэн болсон байна.
“Рейн Рур 2025 Универсиад” наадамд дэлхийн оюутан залуус байт харваа, гимнастик, бадминтон, сагсан бөмбөг, теннис зэрэг спортын 19 төрөлд шилдгүүдээ тодруулна.
Хоёр жил тутамд явагддаг дэлхийн оюутны “Универсиад” наадам 10 хоногийн турш Германы Эссен, Берлин, Дуйсбург, Бохум, Хаген, Мюльхайм-ан-дер-Рур хотуудад болно.
Монгол Улсын оюутны шигшээ багаас волейбол, таеквондо, ширээний теннис, усанд сэлэлт, жүдо бөх зэрэг спортын есөн төрөлд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр болжээ. Энэ удаагийн наадамд оролцох Монголын багийн түрүүч Герман улсад очлоо.
Ташрамд дуулгахад, Герман улс 1989 онд дэлхийн оюутан залуусын нэгдэл болсон “Универсиад” наадмыг хүлээж авч байсан бол 36 жилийн дараа дахин зохион байгуулахад бэлэн болжээ.
