
Ард иргэд нь ямар байна, нийгэм тийм л байна гэдэг их мэргэн үг. Даанч олон давтсаар улиг болж хуучраад, ууц нурууг нь авчихсан хонины морь шиг хэн ч тоохоо больчихсон байх л даа.
Гэвч бидний бухимдаж, нийгмээ зүхэж байгаа шалтгааны үндэс өөрсөдтэй маань холбоотой болж таарав. Саяхан цахим орчинд хот төлөвлөгч гэх эмэгтэйн зургийг ярилцлагаас нь хуулж аваад гадаад төрх байдлаар нь шоолж, маазарсан мэт доромжилсон пост, сэтгэгдлүүд хөвөрсөн. Мэдээж нөгөө талдаа шүүмжлэгчдийг бусдын өөр байдлыг эс хүлээн зөвшөөрөх, ялгаатай хөгжлийн талаарх мэдлэггүйг нь шагшрах, эрүүл мэндийн шалтгаанаар нь бусдыг доог тохуу хийж, нийтийн өмнө гутаах нь хамгийн жигшүүртэй үйлдлүүдийн нэг болохыг сануулах хүмүүс ч байв.
Хамгийн гол нь үзэл бодлын зөрүүгээс үүдэж хүнийг төрх байдлаар нь доромжлох явдал төдийлөн бидний хөндөж ярьдаггүй хүнд сэдвүүдийн нэг. Эрүүл мэндийн шалтгаанаас үүдсэн дүр төрхөөсөө болоод олон нийтийн өмнө бусдад доромжлуулж, доог тохуу болж байгаа хүний сэтгэл зүйг төсөөлөхөд ч мөн бэрх. Эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдыг ийн тавлаж бахаа хангах нь хүчирхийлэгчийн дүр мөн.
Ерөөс технологи хөгжихийн хэрээр дээрэлхэлт газар авч, хэн нэгэн өөрийг нь дэмжихгүй, хийснийг нь үгүйсгэх аваас олон нийтээр зүхүүлж хариугаа авах “мода” дэлгэрээд байна. Ямар сайндаа хотын дарга нь хүртэл цагаан хоолой барьчихсан “Энэ хүнийг бөөнөөрөө нийлж буллидмээр байна аа” гэж хашхирч явах вэ дээ. Арыг чинь баттай даана, алив наадахынхаа амьдралыг хөмрөөд орхи гэж зарлаж буйгаас ялгаа үгүй. Энэ мэт нэрлэж болох олон жишээ бий. Харин энэ бүхэн аж төрөхүйн жишиг ёсоор бол өнөөгийн нийгмийн хүчирхийллийн тод хэлбэр. Далд биш ил үйлдсэн гэдгээрээ л ялгарна.
Системийн сөрөг нөлөө (эхний зам)
Хэдхэн хоногийн өмнө “Philosophy. mn”, “UX” академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр нүүр хуудастаа “Системийн хүчирхийлэл ихсэх тусам иргэдийн бие биедээ үйлдэх хүчирхийллийн тоо ихсэж улам хүндэрнэ” хэмээн бичсэн байна. Өнөөгийн дижитал орчин дахь хүмүүсийн нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тун оновчтой тодорхойлжээ. Ерөөс системийн түвшинд үүссэн дарамт, шударга бус байдал нь иргэдийн хоорондын харилцаанд шууд нөлөөлдөг. Хэрэв төрийн бодлого иргэдийн эрх ашгийг үл харгалзан, тэдэнд тулгалт хэлбэрээр хэрэгждэг бол хүмүүсийн дунд үл итгэх байдал үүснэ. Ийм нөхцөлд нийгмийн харилцаа эвдэрч, хүчирхийлэл хэвийн үзэгдэл шиг тархдаг. Системийн алдаа хувь хүний зан төлөвт нөлөөлж, түүнийг илүү түрэмгий, хариуцлагагүй болгодог. Хүн өөрийгөө хамгаалах, эсвэл бухимдлаа гаргахын тулд бусдыг доромжлох, буруутгах таашаалыг зөвтгөж эхэлнэ. Энэ нь эцэстээ нийгмийн бүхэл бүтэн соёлд нөлөөлөх аюултай.
Хэрэв бодлого боловсруулахдаа иргэдийн санал бодлыг үл тоомсорлож, зөвхөн хэлбэр төдий асуулга явуулдаг бол хүмүүс өөрсдийгөө үнэгүйдүүлэгдсэн мэт мэдэрдэг. Уг мэдрэмж нь нийгэмд гүнзгий хуваагдал үүсгэж, хүмүүсийн хоорондын итгэлийг үгүй хийнэ. Манай орны хувьд бодлого тодорхойлох үедээ иргэдийнхээ дуу хоолойг хүндэтгэж буй мэтээр цахим орчин санал асуулт явуулж, судалгаа авдаг. Харин чуулганы танхимд тус санал, асуулгыг бодолцож байгаа хүн үгүй. Судалгаа явуулсан, иргэд гарах үр дүнг хүлээнэ. Гэвч мөнөөх л хэвээрээ, нийтийн эрх ашигт тохирохгүй шийдвэрүүд хүчинтэй хэвээр үлддэг.
Ерөөс эрх баригчдын бодлого, хэрэгжиж буй систем нь иргэдээ дарладаг, тэдэнд шууд тулгадаг, иргэдээс санал асуулт авч жүжиглэдэг болжээ. Ийм нөхцөлд иргэд ч бие биедээ үйлдэх хүчирхийлэл газар авч байна. Төр биднийг ингэж хүчирхийлэх хийгээд тус системийн нөлөө нийгмийн амьдралд бодитоор тусахдаа дарангуйллын мэдрэмжийг төрүүлнэ. Ийм орчинд бусдыг ойлгох, хүндэтгэх ухамсар хэнд байх вэ дээ. Үр дүнд нь хүчирхийлэл зөвхөн хувь хүний бус системийн шинжтэй болж хувирдаг.
Цахим дахь үйлчилгээ (удаах зам)
Цахим дээр бие биеэ ингэж доромжилж, хүчирхийлэх нь ихэнхдээ улс төрийн үйл ажиллагаа, хүмүүсийн мэдлэг боловсролгүйтэй дам холбогдож байна. Угтаа цахим нь мэдээлэл авах, бизнесээ сурталчлах, хүмүүс алсын зайнаас харилцах зэрэг олон сайн үр нөлөөтэй ч нөгөө талаар буруу ашиглавал хүчирхийлэл үйлддэг том талбар болжээ. Тэгээд ч уг талбарт үйлдэгдэж буй гутаан доромжлох хэлбэрийн харилцаа нь ихэнхдээ хувь хүний боловсрол, мэдээлэлд шүүлтүүртэй хандах хандлага, мөн нийгмийн ухамсрын түвшинтэй салшгүй холбоотой. Хүн өөрийн бодлыг илэрхийлэх эрхтэй ч тэр нь бусдын эрхийг зөрчих хэмжээнд хүрэх үед хүчирхийлэл болж хувирдаг.
Өнөөдөр олон хүн мэдээллийг шүүн тунгаахгүйгээр шууд хүлээн авч, түүндээ хэт автсанаас үүдэн бодит бус уур хилэнг цахим орчинд илэрхийлэх болоод удсан. Ялангуяа улс төрийн маргаан, үзэл бодлын ялгаа нь хүнийг үзэн ядах, доромжлох шалтгаан болж хувирсан нь эмгэнэлтэй. Цахим орчинд хариуцлага сул, нэрээ нууцлах боломжтой байдаг нь хүмүүсийг илүү зоригтой, түүнийгээ дагаад ухамсаргүй болгож хувиргалаа. Ийм нөхцөлд бодит амьдрал дээр хэзээ ч хэлэхгүй үгсийг чөлөөтэй шидэлж, бусдыг сэтгэл санааны хувьд гэмтээдэг. Хамгийн аюултай нь энэ бүхэн хэвийн үзэгдэл мэт ойлгогдож байна. Үр дүнд нь цахим орчин харилцааны талбар бус харин хүчирхийллийн “үйлчилгээ” үзүүлдэг систем болж хувирчээ.
Хүмүүс өөрсдийн бухимдлыг бодит шалтгаанаас нь салгаж, хамааралгүй нэгэнд чиглүүлэх нь улам бүр элбэг болсоор... Ингэхдээ тэд зөвхөн нэг хүнийг бус эргэн тойронд нь буй хүмүүс, гэр бүлийнх нь нэр хүнд, сэтгэл зүйг бүхэлд нь сүйтгэж байгаагаа анзаардаггүй. Иймээс нэг хүний бодлогогүй үйлдэл олон хүний амьдралд сөргөөр нөлөөлөх боломжтой. Цахим соёл төлөвшөөгүй нийгэмд технологийн хөгжил дангаараа дэвшил авчрахгүй. Харин ч эсрэгээрээ, хүний муу зан чанарыг улам хурцалж, ил гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.
Өөр нэг онцлог нь олны сэтгэл зүйг даган хөөрөх үзэгдэл. Хэн нэгэн бусдыг шүүж, шүүмжилж, адагтаа нэр хүндийг гутааж эхэлбэл түүнийг дагасан олон сүрэг бий болдог. Хүмүүс үнэн эсэхийг шалгахын оронд олонхын байр суурийг дагаж, өөрсдийгөө зөвтгөдөг. Ингэснээр буруу үйлдэл зөв мэт ойлгогдож, хүчирхийлэл улам гаардаг. Цахим орчинд ийнхүү “бөөнөөрөө” довтлох үзэгдэл газар авах нь хувь хүний эрх чөлөөг хамгийн ноцтой зөрчиж байгаа хэлбэр. Харамсалтай нь үүнийг зогсоох механизм сул, хариуцлага тооцох тогтолцоо ч хангалтгүй.
Цахим дээр юу бичиж, үйлдэж байгаа төдийлөн анзаардаггүй, дараа нь бусад руу, хаа хамаагүй эх сурвалж руу чихдэг хүмүүс олширсон.
Өөрийн хийсэн үйлдэлдээ бурууг хүлээдэггүй. Гарсан сөрөг үр дүнг нь өөрөөсөө зайлуулна, өөр хүн л эрсдэлийг биедээ авах ёстой гэж ханддаг. Тиймээс аливааг нийтлэхээсээ өмнө тунгааж бодох, үр дагаврыг эргэцүүлэх шаардлагатай. Хүн өөрийн үг, үйлдэлд эзэн байх чадвараа алдах үед л бидний туж сануулж, тунхаг болгон эрхэмлэдэг эрх чөлөө үгүй болно. Учир нь эрх чөлөө гэдэг зөвхөн хүссэнээ бурах бус хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байхдаа гол утга нь оршдог. Гэтэл үйлдэл нь минийх ч үр дүн нь чинийх гэцгээх болов.
Хонзогнолоос дахин нэг хонзон л төрнө гэдэг шиг хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг бий болгоно. Хэнд ч ойлгомжтой архиметик. Бид уг нь сүүн цагаан сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүйг дотроо оршоосон ард түмэн гэж өөрсдийгөө тодорхойлдог. Алс нутгаас аав, ээжийгээ санаж, дуу дуулах төдийд аньсга нь чийгтддэг нинж хүмүүс гэцгээдэг. Гэтэл өнөөдөр хэн нэгнийг төрх байдал, өмссөн зүүснээр нь гадуурхацгааж байна. Цаашлаад хийгээгүй үйлдэл тохож, хэлээгүй үгийг нь нөмрүүлж байгаад цахим орчинд хүчирхийлэл үйлдэгчид болон хувирав. Сүүлдээ бүр хүн хүнээ хайрлах ухамсраа хөсөр хаяад тал талаас нь барьж иддэг сүрэг араатанг тэжээсэн манай нийгэм. Үнэн төрхөө тэмтэрч чадахгүй яваа бид өнөөдөр ийм л дүртэй сууцгаана. Ирээдүйд тэгэхээр юу болж хувирах бол!