
Францын баруун өмнөд хэсэг болон Испанид хэдэн өдрийн турш дэгдэж буй ой хээрийн түймрийн улмаас 300 000 гаруй иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Хүчтэй салхи болон хэт халуун цаг агаарын нөхцөл байдал гал сөнөөгчдийн ажилд ихээхэн хүндрэл учруулж, түймрийг бүрэн хянахад туйлын бэрхшээлтэй байгааг албаныхан мэдээлэв.
Франц улсын Жиронд болон Ланд мужуудаас өнгөрсөн бямба гаргийн орой гэхэд 250 000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Түймрийн өтгөн утаа Бордо хотыг чиглэж байгаа тул Засгийн газраас цэргийн хүч дайчлан, галын зурвас гаргаж байна. Баруун өмнөд бүсийн аюулгүй байдлыг хангахаар цагдаа, тусгай хүчнийг дайчилж байгаатай холбогдуулан "Тур де Франс" дугуйн уралдааны сүүлийн тойргийг 133 км-ээс 89 км болгон богиносгосон байна.
Онц байдал зарласан Испанид Мадрид муж болон Авила бүс нутгаас 60 000 гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. Мөн 28 000 гаруй хүн гэртээ тусгаарлагдсан байдалтай байна. Мадрид мужийн захирагч Исабель Диас Аюусо энэхүү гамшгийг тус бүс нутгийн "түүхэн дэх хамгийн аюултай түймэр" хэмээн тодорхойллоо. Түүнчлэн Валенси бүсэд 70 гаруй насны иргэн автомашиндаа галд өртөж амиа алдсаныг эрх баригчид баталсан байна.
Европын Холбооны Иргэний хамгаалалтын механизмаар дамжуулан Хорват, Португал, Чех, Словак, Румын зэрэг орнуудаас гал унтраах тусгай онгоц, нисдэг тэрэг болон бие бүрэлдэхүүнийг Франц, Испани руу тусламжаар илгээгээд байна. Түүнчлэн Италийн Сицили аралд 350 гаруй гал түймэр бүртгэгдэж, Шотландын Каирнгормс үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 өдөр үргэлжилж буй түймрийн улмаас онц байдал зарлажээ.