
21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн тавдугаар сарын 28-нас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд Монголд болно. Азийн шилдэг шатарчдаас гадна ОХУ-ын баг оролцох тивийн тэмцээнд 26 орны нийт 240 гаруй шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Энэ тэмцээнээс 2027 оны “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхийг олгох юм. Тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга болсон шатарчин ирэх онд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд шууд өрсөлдөх эрхтэй болох аж.
ФИДЕ эмэгтэйчүүдийн Гран-при, өсвөрийн шатарчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн 3.3 бүсийн зэрэг тэмцээнийг манай улс зохион байгуулж байсан түүхтэй.
Монголын шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон удаа өндөр амжилт үзүүлж байсан юм. Тодруулбал, эрэгтэй шатарчдаас 2017 онд ИМ Ц.Батчулуун шагналт 5-р байр эзэлж байсан бол эмэгтэй шатарчдаас 2019 онд их мастер Т.Мөнхзул хүрэл, 2023 онд олон улсын мастер, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл, 2025 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж байжээ.