
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний тавдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өсжээ. 2026 оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 23.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.6 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин 2025 оны тавдугаар сард 8.3 хувь байсан бол энэ оны мөн үед 11.2 хувь болж, өсөлтийн хурдац 2.9 нэгж хувиар өсжээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.9 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 960 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний тавдугаар сард 13 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 5.2 дахин өссөн байна.
Татварын нийт орлого 2026 оны эхний тавдугаар сард 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 645.4 тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 346.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 224.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Харин орлогын албан татварын орлого 19.7 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 134.8 тэрбум төгрөгөөр буурсан" гэв.