
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 83 хувьтай үргэлжилж байна. Иргэд гэрээсээ гарахад хальтиргаагүй замтай, автобусны буудал дээр автобус удаан хүлээдэггүй, агаарын бохирдлоо багасгасан, цахилгаан, дулаан тасрахгүй байх гэсэн чухал асуудлуудад анхаарлаа хандуулж байна.
Гэр хорооллын иргэддээ 446 цэгээр сайжруулсан түлш худалдаална.
Энэ жил 5000 айл хийн зууханд шилсэн. Энэ ажил ажилттай болбол ирэх жил тоог нь нэмээд явна.
Улаанбаатарт 273 уурын зуух байсан. Энэ нь агаарын бохирдлын 12 хувийг ялгаруулдаг байлаа. Үүний найман уурын зуухыг энэ жил хий рүү шилжүүлсэн.
Төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа V цахилгаан станцын ажил 20 хувьтай үргэлжилж байгаа. 2028 онд ашиглалтад орно. Ингэснээр 100 мянган айлын цахилгаан, 50 мянган айлын цахилгааны асуудал шийдэгдэнэ.
Туулын хурдны замын трассыг өөрчлөөд цааш нь үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Гэвч хууль шүүхийн байгууллага дээр шалгагдаж байгаа асуудал эцэслэгдсэний дараа үргэлжлүүлэхээр хүлээхээс өөр аргагүй байна" гэлээ.