
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаан өчигдөр (2026.11.09) болсон.
Хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт тогтоосон өдрүүдийг дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хасаж тооцох саналыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ.
Тодруулбал, долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд буюу Цагаан сар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын томоохон хурал, арга хэмжээний үеэр тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийсэн хоногийн тоотой уялдуулан дараа жилийн зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх юм.
Тухайлбал, COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлэх тэгш, сондгой хязгаарлалтын 14 хоногийг хөнгөлөлтийн тооцоонд хамруулахаар тусгажээ.
Ийнхүү иргэд өөрсдийн хүсэлтээр бус, эрх бүхий байгууллагын шийдвэрээр автомашинаа хөдөлгөөнд оролцуулах боломжгүй болсон өдрүүдийн төлбөрийг дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хасаж тооцохоор болж байна.