
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Доналд Трамп цагаачлалын асуудалд хатуу хандах шийдвэрээ хэдэн сарын өмнөөс танилцуулж эхэлсэн. Энэ удаа цагаачлалын бодлогыг улам чангатгасан дахин нэг шийдвэр гаргалаа.
Трамп нийт 12 улсын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх шинэ захирамж гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн долоон улсын иргэдийг Америкийн хилээр нэвтрүүлэхдээ тодорхой шаардлага тавьж, хэсэгчлэн хязгаарлахаар болжээ.
Ерөнхийлөгч Трампыг дээрх шийдвэрийг гаргахад өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон халдлага гол сэдэл нь болсон байна. Өнгөрсөн ням гарагт Америкийн Колорадо мужийн Флоренс хотод болсон жагсаалын үеэр үл таних этгээд жагсагчид руу галт бөмбөг шидсэн.
Хэдийгээр хүний амь нас хохироогүй боловч энэ үйлдлийг хийсэн этгээд нь Египет улсын иргэн байжээ. Жагсаалд оролцогчдын дийлэнх нь еврейчүүд байсан. Тэд Газад барьцаанд байгаа Израилийн иргэдийг дэмжиж, тэднийг суллахыг шаардаж жагссан. Гэвч тэдэн рүү эхнэр таван хүүхдийнхээ хамт Америкт цагаачлан амьдардаг исламын шашинтай Египетийн иргэн халджээ. Түүнийг барьж саатуулан, хүний амь насанд халдахыг санаархсан хэргээр яллах дүгнэлт үйлдэж байна.
Энэ явдлаас үүдэлтэйгээр Трамп америкчуудыг гадны улс орнуудын цагаач, дүрвэгч иргэдийн аюул, халдлага дайралтаас хамгаалахын тулд шинэ захирамж баталжээ.
Трампын хилийн хориг тавьж, АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон 12 улсын тоонд Афганистан, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Мьянмар, Сомали, Судан, Йемен улсууд багтжээ. Харин хилээр нэвтрэхэд хатуу хязгаарлалт хэсэгчлэн тавьсан орнуудын жагсаалтад Бурунди, Куба, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэль улсууд орсон байна.
Трамп шинэ захирамжийнхаа тухай танилцуулахдаа “Би үндэсний аюулгүй байдал, АНУ болон ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах ёстой учраас шийдвэр гаргасан. Манай улсад зохих журмын дагуу шалгагдаагүй гадны иргэд сая саяараа хууль зөрчиж байна. Европт болсон явдал Америкт давтагдаасай гэж хүсэхгүй. Ердөө л энгийн зүйл нь цагаачдад хилээ нээвэл аюулгүй байдалд алдагдана. Биднийг гэмтээх хүмүүсийг улсдаа оруулж ирмээргүй байна” гэжээ. Трампын ийнхүү ярьсан видео бичлэгийг Цагаан ордны хэвлэлийн алба олон нийтэд дамжуулсан байна.
Тэрээр өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа 2017 онд исламын шашинтай долоон улсын иргэдэд хилийн хориг тавьж байсан. Үүнд Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири, Йемен улсууд орж байжээ.
Трампын хориг тавьсан улсуудын иргэншилтэй хүмүүс АНУ-ыг зорих нислэгт багтахгүй, хэрэв нисэх буудалд ирсэн тохиолдолд нисэх буудлаас баривчлагдах юм. Уг шийдвэр аялагч жуулчид, найз нөхөд гэр бүлийнхэн дээрээ ирж байгаа хүмүүс, оюутан сурагчид, бизнес эрхлэгчид зэрэгт ч хамааралтай юм байна. Хориг ирэх долоо хоногийн даваа гарагт хэрэгжиж эхэлнэ.