
Оросын тал Ангара-Енисейн бүс дэх газрын ховор элементийн ордыг ашиглах төсөлд хамтран ажиллахаар БНХАУ, Энэтхэг болон Ойрхи Дорнодын орнуудтай хэлэлцээ хийж байна. Энэ тухай ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Александр Масленников мэдэгдлээ.
"Төслийн багаас Хятад, Энэтхэг, Ойрхи Дорнодын орнуудтай идэвхтэй харилцаж байна. Яриа хэлэлцээ Засгийн газрын түвшинд төдийгүй бизнес хооронд шууд явагдаж байгаагийн дээр тэдний зүгээс ч сонирхол нэлээд өндөр байна" хэмээн А.Масленников хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний онцолсноор, энэхүү төслийн гол зорилго нь Оросын тал ашиг сонирхлыг зохицуулан нэгтгэгч байж, томоохон түншүүдийг төслийн эргэн тойронд цуглуулах оновчтой загварыг бий болгоход оршиж байгаа юм.
"Мэдээж тодорхой бэрхшээл, хязгаарлалтууд бий. Үүнд дэвшилтэт технологийн хүртээмж, олон улсын төлбөр тооцооны саатал болон АНУ, Европын холбооны зүгээс авах хоёрдогч хориг арга хэмжээний эрсдэл бий" гэж тэрээр нэмж хэлэв.
Сануулахад 2025 оны 11 сард ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Ангара-Енисейн бүсэд газрын ховор элемент боловсруулах үйлдвэр байгуулах кластерын үндсэн байршлуудыг тогтоосон бөгөөд нийт талбай нь 3000 га-гаас давахыг мэдэгдэж байв.