
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын шатрын спортын тамирчид шинэ хуудас нээлээ. Узбекистаны Самарканд хотноо болсон тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийн 189 орны багтай өрсөлдөж, долоодугаар байрт шалгарсан бол эрэгтэй шигшээ баг 208 багаас 26 дугаар байрт жагсав. Түүнчлэн эрэгтэй баг “В” ангилалд мөнгөн медаль хүртсэн нь Монголын шатарчдын хувьд онцлох амжилт байлаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатарчдын их наадамд Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглох чадвартайгаа батлан харуулж, шилдэг тамирчдын шинэ залуу халаа хэр хэмжээнд бэлтгэгдэж буйг дэлхийд таниуллаа.
Эмэгтэй шигшээ баг түүхэн амжилтаа бүтээлээ

Монголын эмэгтэй шигшээ багийн шатарчид 11 өргийн дараа 17 оноотойгоор долоодугаар байрт шалгарч, дэлхийн шилдэг 10 багийн тоонд анх удаа багтлаа. АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааны тэргүүлэгч багуудтай ижил оноотой бичигдсэн ч коэффициентийн зөрүүгээр долоодугаар байрт эрэмбэлэгдэв. Өмнө нь Монголын эмэгтэй шигшээ баг 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Харин энэ удаа уг амжилтаа ахиулж, дэлхийн шатрын тэргүүлэх багуудтай нэг түвшинд өрсөлдөх боломжтойгоо харуулсан юм. Тус багийг дасгалжуулагч Ц.Батсайхан удирдаж, нэгдүгээр ширээнд их мастер Б.Мөнгөнзул, хоёрдугаар ширээнд их мастер Т.Мөнхзул, гуравдугаар ширээнд олон улсын мастер Х.Баясгалан, дөрөвдүгээр ширээнд олон улсын мастер Б.Мөнгөнтуул нар тоглосон бол нөөц тоглогчоор олон улсын мастер Б.Баярмаа оролцсон юм.
Эмэгтэй шигшээ багийн тоглолтын үзүүлэлт
1. Монгол 4 : 0 Палестин
2. Молдова ½ : 3½ Монгол
3. Монгол 2½ : 1½ Перу
4. Монгол 1 : 3 Энэтхэг
5. Хорват 1½ : 2½ Монгол
6. Монгол 3 : 1 Иран
7. Франц 1½ : 2½ Монгол
8. Болгар 1½ : 2½ Монгол
9. Монгол 2 : 2 Казахстан
10. Монгол 1 : 3 Польш
11. Грек 1½ : 2½ Монгол
19 настай Х.Баясгалангийн онцгой үзүүлэлт

Эмэгтэй шигшээ багийн тамирчид дундаас 19 настай Х.Баясгалангийн үзүүлэлт онцгой байлаа. Тэрээр дэлхийн олимпиадад анх удаа оролцохдоо нэг өнжилгүй 11 өрөг тоглож, 6 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтойгоор нийт 8 оноо авсан юм. Гуравдугаар ширээний хувийн үзүүлэлтээр дөрөвдүгээр байрт жагсаж, WFM (FIDE Master - Олон улсын мастер) цолны болзол биелүүлж, мөн WIM (International Master-эмэгтэй олон улсын мастер)-ийн 1 нормыг амжилттай биелүүллээ. Дэлхийн шилдэг шатарчидтай анх удаа өрсөлдөхдөө ийм амжилт үзүүлсэн нь Х.Баясгалангийн хувьд төдийгүй Монголын шатрын ирээдүйд итгэл төрүүлсэн үйл явдал болов.
Эрэгтэй шигшээ баг 36 байраар урагшиллаа

Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд Самаркандын олимпиад өмнөх амжилтаа ахиулсан тэмцээн болов. Тэмцээний эхэнд багийн дундаж чансаагаар 51 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан манай шатарчид 11 өргийн дараа 7 хожил, 1 тэнцээ, 3 хожигдолтой, нийт 15 оноо авч, 208 багаас 26 дугаар байрт шалгарсан. Энэ нь 2024 оны Будапештын олимпиадын 62 дугаар байртай харьцуулахад 36 байраар урагшилсан үзүүлэлт юм. Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт нар тоглож, олон улсын мастер Ү.Агьбилэг нөөц тоглогчоор багтаж, багийг дасгалжуулагч Б.Ану удирдсан. Тэмцээний турш тоглолтын дүн хэлбэлзэлтэй байсан ч Монголын эрэгтэй шатарчид өрөг бүрд өрсөлдөх чадвараа харуулж, өмнөх амжилтаа ахиулж чадлаа.
Монголын шатрын авьяас зөвхөн үндэсний шигшээ багаар хязгаарлагдсангүй. Гуравхан сая хүнтэй Монголын охид шатрын олимпод өөр улсын нэр дээр өрсөлдөв. Тодруулбал, Унгарын шигшээ багт олон улсын мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ, БНСУ-ын шигшээ багт Жаргалсайханы Мичид нар гадны багт хүч нэмэн, ур чадвараа харууллаа. Ямартай ч Самаркандын олимпиадаар Монголын шатрын спортын өнөөгийн түвшинг тод таниулж, ирээдүйд хүрч болох боломжийг харуулаад авлаа. Дэлхийн шатрын тавцанд Монголын далбаа улам өндөрт мандах эсэх нь шатрын холбоо бодлогыг хэрхэн үргэлжлүүлэхээс шалтгаалах биз ээ.