
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 захирамжаар зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт маргааш Сүхбаатарын талбайд болно. 21, 42 км зайн уралдаанд оролцох гадаад, дотоодын мэргэжлийн тамирчдын энгэрийн дугаарыг өнөөдөр гардуулан өглөө. Анхны 42 км зайн уралдааны аварга гавьяат тамирчин Б.Сэр-Од энэ жил 21 км зайд уралдахаар болсон байна. Мөн энэ жилийн уралдаанд БНХАУ, Англи, Япон, Кени, ОХУ-ын элит тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал, 42 км 195м зайд Олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга, Г.Одхүү, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Японы тамирчин Tомита Наоки, Ширадо Мизуки, Кенийн Серой Андерсон Сайтоти, Парнинго Раута, БНХАУ-ын Цуй Вэй Канг нарын шилдэг тамирчид уралдана.
Харин 21 км 095м зайд гавьяат тамирчин Б.Сэр-Од, Японы Хигучи Дайсуке, Ишикава Рюга, Английн Жаймс Дрэйкфорд, БНХАУ-ын Чин Инг Инг, ОХУ-ын Вдовина Александра Михайловна болон энэ зайд шилдэг амжилтыг үзүүлж буй Н.Мөнхбаяр, Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, Б.Сарангуа нарын шилдэг тамирчид өрсөлдөхөөр болжээ.
