
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
Тэрээр" Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд 9.3 тэрбум төгрөг зарцуулж, хоёр орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Үүнд аудит шалгалт хийнэ. Тухайлбал, энэ сарын 23-нд баяр наадмын комиссын бүтцэд байгаа 9 дэд хороо санхүүгийн тайлангаа өгч, нэгтгэн дүгнэлт хийж ирэх жилийн наадамд юу анхаарч шинэчлэх талаар хэлэлцэнэ.
Өмнө нь урилга хэлбэрээр үнэгүй тараадаг байсан билетийг худалдан борлуулсан. Худалдан авсан хүмүүст талархал илэрхийлье. Энэ орлогоор Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Бөхчүүдийн допингийн хариу ирсэн. Энэ жил урьдчилан өндөр цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан нь тодорхой үр дүнд хүрсэн. Цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Түрүү, үзүүр бөхөөс болоод бусад гарди, заан зэрэг цол хүртсэн ямар ч бөхөөс допинг илрээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэдэг мэдээллийг Германы лабораториос урьдчилан илрүүлээд байна. Энэ бөх цолтой даваанд барилдаагүй гэдгийг хэлье. Мөн түүнчлэн, наадмын өдрүүдэд морины сэрвээ хэмжихэд ганц нэг маргаантай асуудал гарсан. Цаашид ийм маргаан гарахгүй гэдгийг энэ жилийн баяр наадмыг зохион байгуулсан комиссоос хариуцлагатайгаар мэдэгдье. Сур харваатай холбоотой аливаа асуудал гараагүй.
Дэд бүтцийн хувьд үнэхээр учир дутагдалтай байлаа. Тэгэхээр Засгийн газраас Хүй долоон худагт шинэ цогцолбор барих шийдвэр гарган ажиллаж байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг дуусгавар болгохыг Засгийн газраас үүрэг болгосон.
Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий гарсантай холбогдуулан төлөвлөсөн баяр наадам хойшлогдож наймдугаар сарын 1, 2-нд хийхээр болсон. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна.
Орон нутагт найр наадам нь хэтрээд өвөлжилтийн бэлтгэл цалгарддаг учир миний бие цаашид өвөлжилтийн бэлтгэлийг 21 аймгаар явж газар дээр нь шалгана" гэлээ.