
Дилав хутагт сангаас Америк дахь "Монгол судлалын төв"-тэй хамтран хэрэгжүүлж буй “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт тавдугаар сарын 12-ны өдөр болно.
Төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монгол судлаач эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өвөөр дамжуулан хэрхэн Монгол Улс, АНУ-ын хоорондох төр шашин, боловсрол, соёлын харилцаа үүсч хөгжсөн түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, V дүрийн Дилав хутагт Жамсранжав судлалыг дэмжих санаачилгын дор зохион байгуулагдаж буй энэ төслөөр гурван гол арга хэмжээг зохион байгуулах аж.
Нэгдүгээрт, олон улсын үзэсгэлэнг тавдугаар сарын 12-ноос зургаадугаар сарын 12-нд Монголын үндэсний музейд зохион байгуулна. Энэ хүрээнд Оуэн Латтиморын гэр бүлээс хандивласан гэрэл зургуудын эх хувь, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй, Дилав хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбогдох нутгийн зураг, гар бичмэл өвүүд, АНУ-ын Конгрессийн номын сан, Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Жонс Хопкинсын их сургууль, Пенсильванийн их сургуулийн сан хөмрөгт буй намтар түүхтэй холбоотой захидал, гэрэл зураг, эд өлгийн зүйлс, баримтуудын хуулбар эхүүд, Дилав хутагт Жамсранжавтай холбогдох хувийн цуглуулгын дээжис болон орон нутгийн үзмэрээс үзэгч, олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.
Хоёдугаарт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын үндэсний музейд тавдугаар сарын 12-13-нд зохион байгуулах бол гуравдугаарт энэ сарын сарын 14-18-нд төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын төрсөн нутаг Завхан аймагт олон нийтийн арга хэмжээнүүд болох гэнэ.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой, Монгол-Америкийн дипломат харилцаа үүсэж хөгжсөний 40 жилийн ойг угтан гарч буй бөгөөд зохион байгуулагчид үзэсгэлэнг тус баяруудаар хамтран толилуулахаар төлөвлөж байна.