УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын 50 гаруй гишүүн асуулт асууж, хариулт авлаа. Мөн 30 гаруй гишүүн үг хэлсэн. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.3 хувь нь дэмжив. Тооллогын комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг сонгосон байна.

Харин УИХ дахь АН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй байх нэгдсэн байр сууриа танилцуулж чуулганы хуралдааныг орхин гарлаа. 

Ингээд "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийн санал хураалтыг нууцаар цаасаар явуулахад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсан. Тогтоолын төсөл батлагдаагүй тул  Ерөнхий сайдыг огцорсонд тооцож байна. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсонд тооцдог. Хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмэндээ зүтгэсэн нь нэр төрийн хэрэг байсныг дурдан, өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч, олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр гэдгийг онцолж, аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй гэлээ.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох учиртай. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм.