
Нийт 38 хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлтийн дараа уг гамшгийг үгүйсгэсэн, эсвэл зориудаар үүсгэсэн гэх зэрэг худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр өргөн тархаж байна.
Долдугаар сарын 28-нд Японы өмнөд хэсгийн Кюшю арал дахь Күмамото мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Кашима хотын худалдааны төвийн нэг хэсэг нурсан. Тухайн үед дотор нь олон мянган хүн байсан гэдэг. Газар хөдлөлттэй холбоотойгоор ойролцоогоор 300 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Мужийн захиргааны мэдээлснээр 38 хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтсэн байна.
Харамсалтай нь сошиал орчинд уг газар хөдлөлт бол байгалийн бус, хүний гараар зориудаар үүсгэсэн гэсэн худал мэдээлэл хамгийн өргөн тархжээ.
АНУ-ын мэдээллийн урсгал хянадаг Meltwater компанийн хийсэн дүн шинжилгээгээр, Кюшюд газар хөдөлхөөс өмнөх өдрүүдэд япон хэл дээр "хиймэл газар хөдлөлт" гэсэн агуулгатай хэдэн зуун нийтлэл байсан бол газар хөдөлсөн өдөр 10 мянга орчим, дараагийн өдөр нь энэ тоо 38 мянгад хүрсэн байна.
Одоо ч ийм төрлийн нийтлэлүүд өдөр бүр хэдэн арван мянгаар нийтлэгдэж байгаа ч тэдгээрийн нэлээд хэсэг нь уг худал мэдээллийг няцаасан агуулгатай аж.
Худал мэдээлэл байнга түгээдэг нэгэн цахим хэрэглэгч газар хөдлөлтийн хэмжилтийн мэдээлэл нь чичирхийлэл бус дэлбэрэлтийг илэрхийлж байна хэмээн нийтэлсэн бичлэгийг ойролцоогоор гурван сая хүн үзжээ. Ийм мэдээлэл өргөн тархсаны улмаас Японы Сейсмологийн нийгэмлэг албан ёсны цахим хуудсандаа энэ онолыг тусгайлан тайлбарласан хэсэг нэмж, "шинжлэх ухааны хувьд бодит боломжгүй" гэж мэдэгджээ.
Тус байгууллагын тайлбарласнаар, бодит газар хөдлөлт үүсдэг 10 км ба түүнээс илүү гүнд дэлбэрэлт хийхийн тулд ийм гүнтэй босоо өрөмдлөг хийх шаардлагатай. Мэдээж үүнд асар их хугацаа, хөрөнгө шаардагдана. Үүнээс гадна газар хөдлөлттэй тэнцэх хэмжээний энерги гаргах нь технологийн хувьд маш хүндрэлтэй гэдгийг тайлбарлалаа.
Цөмийн туршилтууд сейсмографт бүртгэгддэг ч ийм гүнд төхөөрөмж байрлуулан дэлбэлэх технологи өнөөдөр байхгүй гэдгийг тус нийгэмлэг онцолжээ. Дэлхийн хамгийн гүн өрөмдлөг болох Зөвлөлтийн үеийн Колагийн хэт гүн өрөмдлөгийн цооног 20 орчим жилийн хугацаанд ердөө 12.3 км гүнд хүрсэн байдаг.
Мөн зарим хэрэглэгчид газар хөдлөлт огт болоогүй гэж мэдэгдэж, Японы олон нийтийн телевиз NHK-ийн цацсан дүрс бичлэгийг хуурамч гэж буруутгажээ.

Түүнчлэн Эeoн худалдааны төв шатаж буй мэт хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургууд тархсан байна. Харин худалдааны төвд гарсан дэлбэрэлтийг хиймэл байсан, эсвэл эрх баригчид нууж байна гэсэн мэдээлэл ч өргөн тархжээ. Албаныхны мэдээлснээр, дэлбэрэлт нь газар хөдлөлтийн улмаас гэмтсэн хийн хоолойноос үүдэлтэй байсан юм.
Japan Times сонины мэдээлснээр, улс төрийн зорилготой худал мэдээллийн ихэнх нь гадаадын иргэдийг онилсон байжээ.
Хэт барууны үзэлтэй хэрэглэгчид нурангид дарагдсан өндөр настай эмэгтэйг аварсан Вьетнам залуусын тухай мэдээллийг "цагаачлалыг сурталчилсан жүжиг" гэж тайлбарласан байна. Мөн гадаадын иргэд дээрэм, галдан шатаасан гэх худал мэдээлэл тарааж, дэлгүүрийн гадна будаа идэж суугаа хүмүүсийн бичлэгийг "хулгайлсан хүнс идэж байна" хэмээн тайлбарлажээ.
Харин уг бичлэгийг хийсэн хүн Threads платформд тайлбар өгөхдөө, дүрс бичлэг дээрх хоол нь япон болон гадаад ажилчдад адилхан тараасан яаралтай тусламжийн хүнс байсан гэж мэдэгдсэн гэнэ. Тэрээр бичлэгээ устгаж, бусдыг цааш түгээхгүй байхыг хүссэнээс гадна энэ асуудлыг цагдаад мэдэгдэн өөрийн дүрс бичлэгийг цагаачлалын эсрэг үзлийг өдөөхөд ашиглаж байгааг хараад их зүйл ойлгосон гэж бичжээ.
Мөн Тайванийн аврах багийн тухай худал мэдээлэл ч тархсан байна. Күмамотод ажиллаж буй Тайванийн аврагчдын тэмдэг гэх зургууд Instagram болон X платформоор өргөн тархсан ч Japan Times шалгаж үзэхэд тэдгээр нь Тайванийн нэгэн компанийн урьдчилсан захиалгаар худалдаалдаг бүтээгдэхүүн байсан аж. Мөн борлуулалтын орлогоо Японы Гадаад хэргийн яамны Күмамотод зориулсан тусламжийн санд хандивлахаар болсон байжээ.
Цахим орчин дахь мэдээллийг шалгадаг ашгийн бус байгууллага болох Japan Fact-check Centre-ийн мэдээлснээр, ийм хуйвалдааны онолуудыг үнэн гэж итгэдэг хүмүүсээс гадна худал гэдгийг нь мэдсээр байж түгээдэг хүмүүс ч байдаг. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн идэвхээс орлого олдог тогтолцоо ийм агуулгыг улам дэлгэрүүлэхэд нөлөөлдөг аж.
Тус төвийн ерөнхий редактор Дайсүкэ Фүрута Yomiuri Shimbun сонинд өгсөн ярилцлагадаа "Анхаарал татсан мэдээлэлтэй тааралдсан үедээ төрийн байгууллага болон мэргэжлийн хэвлэл мэдээллийн албан ёсны мэдээлэлтэй тулгаж үнэн эсэхийг нь шалгах хэрэгтэй" гэж зөвлөжээ.
Өмнө нь, 2016 оны дөрөвдүгээр сард Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 277 хүн амиа алдсаны дараа "амьтны хүрээлэнгээс арслан оргосон" гэх худал мэдээлэл цахим орчинд тархаж, түүнийг нийтэлсэн 20 настай эрэгтэй баривчлагдсан ч дараа нь уучлал хүссэний дараа хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Энэ удаагийн газар хөдлөлтийн дараа ч уг худал мэдээллийн шинэ хувилбар дахин тархжээ.