
2027 он бол олимп угтсан жил. Тиймээс спортын үйл явдлын голлох тэмцээн уралдаан олны анхааралд байсаар байна.
Өвлийн спортын наадмууд тухайн оны тэмцээний эхлэлийг тавьдаг уламжлалтай. 2027 оны эхэнд дэлхийн оюутан залуусын түүх манай урд хөршид бичигдэнэ. Залуучуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улс хоорондын хөгжлийн түвшинг харуулж, спортоор дамжуулан залуу үеийн нөхөрлөлийг тэлсэн оюутны универсиад наадам одооноос анхаарлын төвд орж ирлээ.
Олон улсын оюутны спортын холбооноос хоёр жил тутамд өвлийн наадмыг зохион байгуулдаг болсон. Хамгийн сүүлийн наадам 2025 онд Итали улсын Турин хотод болоход 57 орны оюутан залуус хуран цуглаж, шилдгүүдээ тодруулж байв. Тэгвэл ердөө 69 хоногийн дараа Ази тивд дэлхийн оюутан тамирчид цугларч XXXIII Универсиадын аваргуудаа тодруулах юм. Энэ наадам БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотод 2027 оны нэгдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 12 спортын төрлөөр явагдах наадмын хөтөлбөрт уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайл, сноуборд, тэшүүр, шорт-трек, хоккей болон спортын орон зайн баримжаалах төрөл, цанат уулын спорт багтаж буй. Харин энэ жилээс анх удаа хөнгөн атлетикийн кросс гүйлт Универсиад наадмын хөтөлбөрт багтаж, анхны аваргууд Чанчуньд тодрохоор болсон байна. XXXIII Универсиад наадамд Монгол Улсаас долоон спортын төрөлд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.
Гүйлтийн цанын төрлөөр олимп болон оюутны Универсиад наадамд оролцож байсан олон улсын шүүгч, гүйлтийн цанын дасгалжуулагч, доктор Э.Очирсүрэнтэй Универсиад наадмын талаар ярилцлаа.
Та Монголын цаначдыг төлөөлөн олимп, оюутны Универсиад наадамд оролцож байсан. Дэлхийн оюутан тамирчидтай уралдаж байсан тэр түүхээсээ хуваалцаач?
Дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадам бол олимпын наадмын дараа ордог. Энэ наадмаас тамирчдын дараагийн залгамж халааг бэлтгэх боломжтой. Универсиад наадамд 15-25 насны оюутан тамирчид өрсөлддөг. Манай цаначдын хувьд 1960-аад оноос эхлэн дэлхийн оюутан залуучуудын наадамд оролцсоор ирлээ. Ер нь цаначид өвлийн олимп, Универсиад наадмын эхлэлийг тавьдаг. Тиймээс ирэх онд болох Чанчунь наадам анхаарлын төвд байна. Энэ наадам Ази тивд болж байгаа учраас бидний хувьд маш том боломж гэж харж байна. Би 2005 онд Австрийн Инсбрук хотод болсон өвлийн Универсиад наадамд оролцож байсан. Тухайн үед 50 гаруй орны тамирчид өрсөлдөж байлаа. Энэ наадамд гүйлтийн цанаас гадна тэшүүрийн төрлөөр манай тамирчид оролцож байсан юм. 2005 онд Универсиад наадамд оролцохын өмнө Австри улсад олон улсын хамтарсан бэлтгэл хийж байсан. Универсиад наадамд оролцохын өмнө олон улсын хамтарсан бэлтгэл хийж байсан нь үр дүнгээ өгдөг. Мэдээж тухайн үед бид медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд байгаагүй ч эх орноо төлөөлөн Универсиадад оролцож байсан түүхтэй.
Та олимп болон Универсиадын наадамд Монголын эмэгтэй цаначдын түүхийг бичсэн. Oлимпод уралдах эхний алхам нь Универсиад наадам гэж харж байна?
Тийм ээ, үнэн. Энэ наадам бол залуу тамирчид өөрийн амжилтаа олон улсад тод бичих эхний алхам болдог. Манай гүйлтийн цанын тамирчид Универсиад наадамд өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж хардаг. Монголын цаначдын хувьд залуучуудын шигшээ баг гэж байхгүй. Харин үндэсний шигшээ багийн оюутан тамирчдаа Универсиад наадамд оролцуулдаг. Ирэх жилийн наадам урд хөршид болох учир бидэнд том давуу тал болно. Универсиад наадмаар улс орны хойч үе ямар түвшинд байгаа нь харагддаг. Тийм учраас олимпын наадмын зохион байгуулалтаас бага түвшинд болдог ч гэсэн залуучуудыг хооронд нь танилцуулах, тив тивийн оюутан тамирчид бие биеэсээ суралцах гээд үр дүнтэй байдаг. Универсиад наадам бол залуу насны мөрөөдлөө бусад орны тамирчидтай хуваалцах, цаашлаад том олимпын наадамд орох бэлтгэл болж өгдөг.
Та олимп болон Универсиад наадамд оролцож байсан дурсамжтай түүхээсээ хуваалцаач?
Эх орноо төлөөлөн олимпын наадам болон Универсиадад уралдахаар явж байгаа тамирчдын хувьд гол нь бэлтгэлдээ л анхаарлаа хандуулдаг. Бидний уралдаж байсан үе өнөөдрийн энэ цаг үетэй харьцуулахад бас хэцүү шүү дээ. Гэхдээ би сайхан дурсамжийг ярих дуртай. Х.Хаш-Эрдэнэ бид хоёр анх 2006 онд Италийн Турин хотод болсон олимпын наадамд явахад туршлага бага байлаа. Мөн бид хоёрт 36 кадртай хальсны аппарат л байсан. Гэхдээ бид хоёрын аппаратаас гоё зургууд гарч чадаагүй (инээв). Гэтэл багийн ахлагч Д.Баясгалан тухайн үед гарч байсан дижитал аппараттай яваад бидний түүхийг бичиж өгсөн юм. Энэ дурсамж үнэхээр санаанаас гардаггүй юм. Одоогоос 20 жилийн өмнө ч гэсэн өвлийн олимпын тэр түүх минь багийн ахлагчийн дижитал аппаратад үлдсэн нь бахархалтай санагддаг. Мэдээж гүйлтийн цанаар олимпын эрх авч байгаа нь бидний хувьд том бахархал байсан. Магадгүй тамирчин хүн бүрийн бас нэг хүсэл мөрөөдөл бол олимпын наадам шүү дээ. Хэрвээ олимпод ордоггүй юмаа гэхэд дэлхийн оюутны Универсиадад уралдах нь тухайн тамирчны ялалт гэж би хэлнэ. Тиймээс олимпын түүх болон Универсиадад орох нь тамирчин болсны үүргээ биелүүлж байна даа гэж бодогдож байна.
Хятадын киноны хотод дэлхийн оюутан - тамирчид цугларна
“Чанчунь-2027” Универсиад наадмын бамбарын загварыг Чанчунь хотын бэлгэдэл болох цэцгийн хэлбэртэй дүрснээс санаа авч өвлийн спорт, хотын соёлын өвд зориулан бэлгэдэл болгожээ. Чанчунь хот бол “Хятадын киноны хот” гэж нэрлэгддэгээрээ алдартай. Бамбарын дүрслэлд залуучуудын эв нэгдэл, нийтлэг ялалтын хүслийг бэлгэдсэн байна. Бамбар нь Жилинь мужид боловсруулсан нүүрстөрөгчийн шилэн дээр суурилсан халуунд тэсвэртэй хайлш болон нийлмэл материалаар хийгдсэн байна. 2027 оны Универсиад наадмын бамбарын аялал аравдугаар сарын 8-нд Италийн Турин хотоос эхэлж, өдгөө БНХАУ-ын хотуудад тусгай хөтөлбөрийн дагуу аялж байна. 1959 онд Турин хотод Универсиад наадам эхэлж байсан бөгөөд тус хотоос бамбарыг асаадаг уламжлалтай.
“Чанчунь 2027” өвлийн XXX Универсиад наадмын зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны дарга Ся И
Бид дэлхийн оюутан тамирчдыг хүлээн авахад бэлэн болжээ. Наадам ойртох тусам бид цуврал хуралдааныг зохион байгуулсаар байна. “Гоо үзэсгэлэнгийн амьдрал, Чанчуны сэтгэл татам байдал” тусгай хөтөлбөр олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Наадмыг зохион байгуулах хорооноос хотын амьдралын тухай тусгай сэдэвт арга хэмжээг хийж байгаа нь үр дүнгээ өгч байна. Чанчунь хот дэлхийн оюутан залуусыг угтан авахаар олон шинэлэг хөтөлбөр боловруулсан. Бид дэлхийн оюутан тамирчдын спортын түүхийг бичиж, тэдэнд дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлэхэд бэлтгэж байна. Чанчунь хотод онцлог зүйл их бий. Жилинь мужийн уламжлалт хоолны соёл, түүхийн дурсгалт газраас эхлээд хотын амьдралын сэтгэл татам байдлыг зочид харах болно.
1960 оноос эхлэн зохиогдож эхэлсэн дэлхийн оюутны өвлийн Универсиад наадмыг БНХАУ хоёр дахь удаагаа хүлээн авна. Өмнө нь 2009 онд Харбин хотод болж байсан. Мөн БНХАУ өвлийн Универсиад наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах Азийн анхны орон болж байна. 1991 онд Японд, 1997 онд БНСУ-д өвлийн Универсиад болж байсан түүхтэй. “Чанчунь-2027” Универсиад наадамд 12 спортын төрөлд 50 гаруй орны 3000 гаруй оюутан тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна.