Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг тохиолдуулан наадмын эл өдрүүдэд “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” нэртэй тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнгээс “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал, Монгол Улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”, “Хатан эх Ханджамцын хөрөг” зэрэг 130 гаруй бүтээлийг үзэж, сонирхох боломжтой.
Уг үзэсгэлэн нь монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үйлс бүтээл, соёлын өвийг олон нийтэд таниулах, түүний дэг сургуулийн уламжлалыг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Өндөр гэгээн Занбазар шашны урлахуйн ухаанд энэрэнгүй дүр төрх, бодит амьдлаг шинж байдлыг шингээж, хүрэл цутгуурын аргыг хэрэглэснээр уран баримал болон бурхны хөрөг бүтээх тусгайлсан дэг жаягийг бий болгосон гавьяатай.
Харин түүнийх гэгдэх алганы дардас өдгөөг хүртэл “Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей”-д хадгалагдаж байна. XVIII зууны үетэй холбогпох уг дардсыг хүрд, өлзий хээ зурсан хадаг дээр шороон будгаар даржээ. Эрт үеэс Дорно дахины их мэргэдийн гарын алга болон хөлийн дардсыг буулгаж, чулуунд сийлж үлдээх ёсон нэлээд байв. Энэ нь бурхан багшийн үеэс багшийг шүтэх ёсноос эхлэн өргөн дэлгэрчээ. Ялангуяа таалал төгсөх Богд, хувилгаадын биеэс баримт авч үлдэх нь шүтээн сахиус болж байдаг тул буддын шашинтай орнуудын хувьд хосгүй үнэт, ховор нандин дурсгалд тооцогддог.
Ташрамд энэхүү үзэсгэлэнд 2019 онд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсэгт хийсэн малтлагын үеэр олдсон язгуурын таван бурхны шавраар урласан 3.000 орчим үзмэрийг мөн байршуулсан байна. Тус хийдээс өндөр гэгээний бүтээлүүд олдсоноор Занабазарын уран бүтээлийн хүрээ бол Сарьдагийн хийд гэж зарим судлаачид үзэх болсон билээ.