
Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн агуулга нь Засгийн газарт улаанбуудай, гурил, малын тэжээлийн татвар тогтоох эрх олгох тухай юм.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Хууль тогтоомжийн тухай хуулийн 30.1.3-д заасан хоёрдмол агуулгагүй, ойлгомжтой байх ёстой гэсэн үндсэн агуулгыг уг төсөл хангаж байгаа эсэхийг тодруулав. Мөн Засгийн газарт зөвхөн улаанбуудай, хөх тарианы гурилын татварт өөрчлөлт оруулах эрхийг олгож байгаа хэмээн тайлбарлах хэдий ч тогтоолын төслийг уншихаар улаанбуудай, хөх тарианаас бусад гурилууд ч хамаарахаар ойлгогдож байгааг анхааруулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "УИХ-ын тогтоолын төслийн нэгдүгээр заалтад улаанбуудай, хөх тарианы гурилын гаалийн албан татварын хувь, хэмжээг Засгийн газар тогтоохоор эрх олгохоор тусгасан. УИХ-ын тогтоолын хүрээнд Засгийн газрын тогтоол гарах бөгөөд үүнд асуудлыг нэг мөр ойлгохоор тусгаж хэрэгжүүлнэ" гэсэн тайлбар өгөв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Татварын асуудал нь УИХ-ын онцгой бүрэн эрх тул энэ асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй" гэсэн байр суурь илэрхийллээ.
Улмаар Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.