
Ираны дайн хоёрдугаар сард газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж, дэлхийн эрчим хүч, тээвэрлэлтийн хямрал үүсгэснээс хойш Саудын Араб газрын тосны олборлолт хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.
Лхагва гарагт нийтэлсэн ОПЕК-ийн тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч тус улс аравдугаар сард өдөрт 10.563 сая баррель газрын тос олборлосон нь есдүгээр сарынхаас хоёр сая гаруй баррелиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Энэ нь АНУ, Израил хоёр хоёрдугаар сарын сүүлээр Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тухайн үед Саудын Араб өдөрт 10.882 сая баррель газрын тос олборлож байжээ. Саудын Араб, ОХУ-ын газрын тосны олборлолт нэмэгдсэнээр Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОХУ зэрэг бусад улсыг багтаасан ОПЕК+-ийн бүлгийн олборлолт өсөхөд нөлөөлсөн байна.
ОПЕК+-ийн сарын тайланд дурдсанаар, тус бүлгийн орнууд аравдугаар сард өдөрт нийт 41.23 сая баррель газрын тос олборлосон нь есдүгээр сарынхаас ойролцоогоор 2.04 сая баррелиар нэмэгдсэн үзүүлэлт юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эрчим хүчний салбарт тавьсан хориг арга хэмжээг цуцалж, аравдугаар сарын дундуур Украин, ОХУ-ын хооронд “эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр” зарласны дараа ОХУ-ын олборлолт нэмэгдсэн байна.
АНУ зэрэг бусад газрын тос олборлогч орнууд нийлүүлэлтийн өмнөх түвшиндээ эргэн хүрч чаджээ. Гэхдээ дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэг Япон улсын газрын тосны импорт буурсныг тайланд онцолсон байна. Тус тайланд “худалдааны урсгал дахин тасалдсаны улмаас есдүгээр сард түүхий газрын тосны импорт огцом буурсан” гэж дурджээ.
Хоёрдогч эх сурвалжид тулгуурласан тайлангийн мэдээллээс үзэхэд, Персийн булангийн газрын тос олборлогч орнууд мөргөлдөөний улмаас үүссэн саатлыг тойрч гарахын тулд хөлөг онгоц хооронд газрын тос шилжүүлэх зэрэг арга ашиглан экспортоо сэргээж байна.
“АНЭУ есдүгээр сард нийлүүлэгчдийн дунд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авч, зах зээлийн 49 хувийг эзэлсэн нь өмнөх сарын 25 хувиас өссөн үзүүлэлт юм. АНУ 28 хувиар хоёрдугаарт, Саудын Араб 14 хувиар удаалсан” гэж ОПЕК-ийн тайланд тэмдэглэжээ.
Саудын Арабын газрын тос тээвэрлэх хоёрдогч чиглэл болох Зүүн–Баруун хоолойд хөрш Йемений хусит босогчид довтолсон ч тус улсын экспорт тогтворжсоныг тайланд дурдсан байна. Аден хотод төвтэй, Саудын Арабын дэмжлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрын эсрэг тэмцэж буй хуситууд энэ долоо хоногт ч уг хоолойг онилсон довтолгоогоо үргэлжлүүлжээ.
Саудын Араб экспортоо тодорхой хэмжээнд сэргээж чадсаны нэг шалтгаан нь Зүүн–Баруун хоолой юм. Энэ хоолойгоор түүхий газрын тосыг Ормузын хоолойгоор дамжуулахгүйгээр улсынхаа нутгаар дамжуулан Улаан тэнгисийн Янбу боомтод хүргэх боломжтой аж.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, аравдугаар сарын газрын тосны олборлолт ОПЕК+-ийн хоёрдугаар сард олборлосон өдөрт 42.72 сая баррель газрын тосны 97 хувьтай тэнцэж байна. ОПЕК дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн талаарх таамгаа зургаан сар дараалан бууруулсны эцэст өөрчлөлтгүй үлдээж, 2027 оны төлөвтөө ч засвар оруулаагүй байна. Тус бүлэг ирэх онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 2.55 сая баррелиар нэмэгдэж, дунджаар 108.3 сая баррельд хүрнэ гэж тооцоолжээ. Харин 2026 онд эрэлт өдөрт 180 мянган баррелиар өсөх төлөвтэй байна. Мөн 2027 онд эрчим хүчний шингэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийг Катар, Канад, Бразил, Аргентин улсууд голлон бүрдүүлнэ гэж таамаглажээ.
Түүнчлэн ойрын хугацаанд Ойрх Дорнодын эдийн засгийн гүйцэтгэл сайжрах өөдрөг төсөөлөл дэвшүүлсэн байна. Тодруулбал, “2027 онд газрын тосны бус салбарын тэсвэртэй байдал болон дотоодын эрэлт хүчтэй байгаагийн дэмжлэгтэйгээр бүс нутгийн эдийн засаг сэргэж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй” гэж тайланд дурджээ.