
Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Махатма Гандийн бичсэн 688 гар бичмэл дуудлага худалдаагаар 1.7 сая ам.доллар хүрчээ.
Тус гар бичмэлүүд нь Ананд Т.Хингоренийн хувийн цуглуулгад хадгалагдаж байсан аж. Энэтхэгийн "Saffronart" дуудлага худалдааны байгууллагаар тус гар бичмэлүүдийг худалдсан байна. Ялагчийн санал 162 сая энэтхэг рупи буюу 1.705 сая ам.долларт хүрсэн аж.
Ганди эдгээр тэмдэглэлийг 1944 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 1946 оны аравдугаар сарын 10-ны хооронд Хингоренид зориулан хинди хэлээр бичжээ. Тэмдэглэлүүдэд бичсэн огноо, газар нутгийг нь мөн тэмдэглэсэн байна.
Эхний 519 тэмдэглэлийг Хингоренийн өгсөн тусгай цомгийн хуудас дээр бичсэн бол үлдсэн 520-688 дугаар тэмдэглэлийг дэвтэрт үргэлжлүүлэн бичсэн аж. Гар бичмэлүүдэд үнэн, хүчирхийлэл үл хэрэглэх үзэл, итгэл, залбирал, хөдөлмөр, үүрэг, айдасгүй байдал, шашны тэгш эрх, өөрийгөө сахин хянах болон Бурхныг эрэлхийлэх зэрэг олон сэдвийг хөнджээ.