
Африкийн Ботсвана улсын Молепололе хотноо Ботсванагийн олон улсын яруу найргийн фестиваль энэ өдөр нээлтээ хийв. Зургаан өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээнд Ботсвана, Өмнөд Африк, Грек, Испани, Курдистан болон бусад орны яруу найрагч, зохиолч, соёлын зүтгэлтнүүд оролцох юм.
“Voices, Heritage and Poetry for the Planet” буюу “Дуу хоолой, өв соёл, эх дэлхийн төлөөх яруу найраг” уриан дор зохион байгуулагдаж буй фестивалийн эхний өдөр олон улсын яруу найргийн уншлага, соёлын танилцуулга, хэлэлцүүлгээр эхэлжээ.
Энэхүү фестиваль нь яруу найргийг зөвхөн уран зохиолын төрөл бус үндэстэн хоорондын ойлголцол, байгаль орчны ухамсар, соёлын өвийг хамгаалах чухал хэл гэж үзэж буйгаараа онцлогтой.