
БНСУ-ын волейболын эмэгтэй шигшээ багт 2005-2021 хооронд тоглож байсан, алдарт тамирчин Ким Ён Гён дасгалжуулагчийн эгнээнд шилжиж “Wonder Dogs” багийг бүрдүүлсэн билээ. Энэ багт Монголын хоёр тамирчин болох волейболын спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар багтаж, MBC телевизийн цувралт нэвтрүүлэгт оролцож байгаа талаар бид мэдээлж байсан. Харин өчигдөр БНСУ-ын 2025-2026 оны волейболын лигийн “Red Sparks” багаас шинэ мэдээлэл цацлаа. Тус багт тоглож байсан Тайландын тамирчин Витавит Ситонг бэртэл авч тоглох боломжгүй болсон учраас Монголын тамирчин Ж.Энхсоёлыг авахаар болжээ. Энэ талаар “Red Sparks” багаас мэдээлэл хийж, түүнийг багтаа урьсан байна. Одоогоор тус баг 13 тоглолт хийснээс дөрвөн хожил авчээ.
Улаанбаатар хотод бага сургуульд сурч байгаад БНСУ-ын Жоннам аймгийн дунд сургуульд суралцах хугацаандаа волейболын ур чадвараа сайжруулсан Б.Энхсоёл өөрийн зорилгодоо хүрлээ. Энэ жил 20 настай тэрээр Энхүүш нэрээр тус улсад алдаршиж, энэ долоо хоногоос эхлэн “Red Sparks” багт тоглохоор боллоо.
Мокпо хотын охидын дунд сургуулийг төгсөж тус сургуулийн нэрийг БНСУ-ын волейболын лигт гаргаж чадсан Б.Энхсоёлыг Жоннам аймгийн Боловсролын газраас “Боловсролын хүндэт элч”-ээр өргөмжилжээ.


