Энэтхэг улсын Карнатака мужийн Бангалор хотод крикетийн цэнгэлдэх хүрээлэнд хэт олон хүн цугларсны улмаас хүний амь нас эрсдэж, олон арван хүн гэмтэж бэртсэн явдал өчигдөр болжээ.
Энэтхэгийн крикетийн спортын прьемер лиг өчигдөр дуусаж, Бангалор хотын Роял Чэлленжерс баг анх удаа аврагын цом авсан байна. Энэ багийн дэмжигчид шүтэн бишрэгчид аваргын цом авсан баярыг тэмдэглэхээр Бангалорын крикетийн цэнгэлдэх хүрээлэнд цуглажээ.
Уг нь энэ цэнгэлдэх хүрээлэн нь 35 000 үзэгчийн багтаамжтай юм байна. Гэтэл 200 000-300 000 хүн цугларсан байна.
Хотын цагдаа нарын зүгээс ийм их хүн ирж нэг дор цугларна гэж огт төсөөлөөгүй байсан учраас хэт олон хүний үймээн, бөөгнөрлөөс сэргийлж чадаагүй ажээ.
Нөхцөл байдал богино хугацаанд хянах ямар ч боломжгүй болсон тухай ярьсан байна. Энэ үеэр хэт олон хүний хөлд дарагдаж баяр тэмдэглэхээр ирсэн 11 хүн амь эрсэджээ. Мөн 33 хүн гэмтэж бэртсэн байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн том хаалганууд хаалттай байсан. Тиймээс хүмүүс жижиг хаалга руу дайрч, тэнд овоорч бөөгнөрснөөс шахцалдаан үүссэн тухай албаны эх сурвалжууд дамжуулжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн орон нутгийн эрх баригчид хөгжөөн дэмжигчдийн аз жаргалтай мөч үхэл хагацлаар солигдсонд гашуудаж буйгаа мэдэгджээ.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талбайгаас гадна эргэн тойронд галт тэрэг, метроны буудал, авто замууд ч мөн хөгжөөн дэмжигчид бөөгнөрсөн олон хүмүүсээр дүүрэн байжээ.
Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг Энэтхэг улсад үүнтэй төстэйгээр хэт олон хүн нэг дор цугласнаас шахцалдаан үүсэж хүний амь нас эрсдэх тохиолдол ховор үзэгдэл биш юм. Энэ оны нэгдүгээр сард хинду шашны Маха Кумбх баярын үеэр Ганга мөрөнд биеэ угааж ариусахыг хүссэн олон арван мянган хүн шахцалдаан бөөгнөлөр үүсгэсэн. Дэлхийн хамгийн том шашны баяр цугларалтад ирсэн 30 хүн энэ үеэр нас барсан юм.