
Тайландын Паттаяа хотод гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж хаалтаа хийлээ. 23 орны 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монголын тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авсан амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл цом гардсан байна. Манай улсаас өсвөрийн ангилалд тав, насанд хүрэгчдэд найман тамирчин оролцсоноос “ЭЗО” дэвжээг үүсгэн байгуулагч, хар бүс таван дант С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд түрүүлсэн бол өсвөрийн 10-11 насны ангилалд Д.Гэгээ өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд хос алт, 14-15 нас ангилалд М.Баянмөнх өөрийгөө хамгаалах төрөлд алтан медалийн эзэн болжээ. Мөн “Хаянгарваа” дэвжээний тамирчин А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулаанаар, check.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алт, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртэж, медаль хүртсэн тамирчдын дунд багтлаа.
