
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам эхлэхэд 15 хоног үлдлээ. Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 22-аас 30-ны хооронд Азийн 45 орны баг тамирчид Саньяад шилдгүүдээ тодруулна.
Наадмын бамбарын аялал Хайнан мужийн хотуудаар аялж эхэллээ. Азийн олимпын зөвлөлөөс далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор тивийн элсний наадам зохион байгуулах шийдвэрийг 2007 онд гаргаж, анхныхыг нь 2008 онд Индонезийн Балид зохион байгуулжээ. 2010 онд Оманы Мускат, 2012 онд БНХАУ-ын Хайнань, 2014 онд Тайландын Пукет, 2016 онд Вьетнамын Дананг хотод зохион байгуулагдсан наадам цар тахлын улмаас цуцлагдан 10 жилийн дараа эргэн ирлээ.
“Саньяа-2026” VI наадам 14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах бөгөөд манай улсаас спортын найман төрөлд 55 тамирчин оролцоно. Энэ удаа 3х3 сагсан бөмбөг, хөнгөн атлетик, триатлон, жюү жицү, текбол болон элсний гандбол, элсний волейбол, элсний бөх төрөлд манай тамирчид өрсөлдөхөөр болсон.
