Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 674 дэх дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулъя.
НЭГ. БҮТЭЭХ ГЭЭД СӨНӨӨХ НЬ
Хөгжин дэвшиж буй Улаанбаатар хот түүхээсээ, гоо зүйгээсээ, анхны төлөвлөлтийн ансамблиа алдаж, алга дарам газарт шавсан цементэн ширэнгэ болжээ. Азийн цагаан дагина гэх магтуугаасаа салж, арчаагүй айл шиг хөглөрч буй нийслэл дэх “Монгол маягийн вандализм”-ийн хохирогч нь Улаанбаатар хот, нийслэлчүүд бид.
Улсын түүх, дурсгалыг дотроо хадгалж, өөрийн түүхийг архитектураараа харуулан сүндэрлэдэг асан музейн барилгуудын оронд бусад улсын барилгыг хуулан барьсан хүйт даасан байшин баригдаж, хүүхэд нас, залуу үеийн дурсамж хадгалсан гудамж талбайн оронд шороонд дарагдсан шилэн сууц боссон нь монгол маягийн вандализмын энгийн жишээ.
Монгол маягийн вандализм зөвхөн барилга байгууламжийг нураахаар хязгаарлагдахгүй. Сэлбэ гүүрний чулуун арслан (1801-1899)-г жил бүр өөр өнгөөр будахаас эхлээд ханын чимэглэл, мозайкан чимэглэлийг хуулах, ханын зургийг дарж будах, хөшөө дурсгалыг нурааж, шилжүүлэх, хаа нэгтээ хашаанд тавиад мартах гэхчлэн олон хэлбэрээр явагддаг. Сүүлд Улаанбаатар хотын анхны орон сууц гэгддэг 61-р байрны хананд байрлаж байсан Уран бүтээлч Ш.Галсандорж нийгмийн сэргэлт, шинэ гарааг бэлгэдэн урласан “Цагаан морин жилийн гараа” мозайк буюу өнгийн шигтгэмэлийг барилгыг нь нураах болсонтой холбоотойгоор хуулсан. Хадгална гэж албаны хүн тайлбарласан. Уг мозайкан урлал Монгол Улсын сүүлчийн мозайк төрлийн бүтээл төдийгүй Ардчиллын анхны түүхэн биет дурсгал байлаа.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "МОНГОЛ МАЯГИЙН ВАНДАЛИЗМ" нийтлэлээс
ХОЁР. СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙНА
Одоогоос 36-хан жилийн өмнө Монгол Улсад нэг нам дангаараа засаглаж байлаа. Бүх шийдвэрийг тухайн нам гаргадаг байв. Бүр хувь хүний хөдөө гадаа явахаас эхлээд хэрхэн яаж амьдрахыг хүртэл заадаг, шийддэг байв. Харин ардчилсан хувьсгал ялж олон намын тогтолцоо бүхий чөлөөт, иргэний ардчилсан нийгмийг байгуулж, тэр байдал өөрчлөгдсөн. Харин сүүлийн үед 36 жилийн өмнөх шиг нам бүгдийг шийдэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдах байдал гарч байна. Энэ нь магадгүй сүүлийн 10 жил нэг нам засагласантай холбоотой байж болох юм. Эрх мэдэлдээ эрдэж, барьцаа улам лавшруулах оролдлого хийж байхыг үгүйсгэхгүй. Иргэдийн сонгох эрхэнд улс төрийн нам халдаж буй.
Улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг барьж байгаа ч нам төрийн болон иргэдийн өмнөөс бүх шийдвэрийг гаргана гэсэн үг биш. Гэтэл сүүлийн үед эрх баригч нам төрийн өмнөөс бүх шийдвэр гаргах, өөр хоорондынхоо талцал хуваагдалд ялалт байгуулахын тулд төрийн эрх, иргэдийн сонгох эрхэнд халдах гэсэн тохиолдол гарч байна.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "ОРЧИН ЦАГИЙН “УЛС ТӨРИЙН ТОВЧОО” нийтлэлээс
ГУРАВ. ХУВЬЦАА ӨВЛӨХӨД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ
Монгол Улсын иргэд 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон билээ. Нэг иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй. Энэ нь тус компанийн гаргасан нийт хувьцааны 20 хувь байхаар Засгийн газрын тогтоолд тусгасан юм. Түүнээс хойш хүн ам тодорхой хэмжээнд өссөн, тиймээс өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 26.4 хувь нь буюу 3.1 тэрбум ширхэг нь иргэдийнх болсон байна. Эл хөрөнгийнхөө ногдол ашгийг монголчууд 2019 оноос хойш зургаан удаа хүртжээ. Хамгийн сүүлийнхийг нь саяхан авсан. Тэгвэл уг хувьцаатай холбоотой зарим зохицуулагдаагүй маргаан гарсаар ирсний нэг нь эзэмшигч иргэн нас барсан нөхцөлд хүртэх хувийг өвлүүлэх, эсэх тухай байв. Уг асуудлыг Засгийн газрын өнгөрсөн сарын 29-ний хуралдаанаар сая нэг эцэслэж, нас барсан 132203 иргэний хувьцааг гэр бүлд нь өвлүүлэх хууль, эрх зүйн боломжийг бүрдүүлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Мөн хувьцаа олгож эхэлснээс хойш эх орондоо байгаагүй, гадаадад амьдардаг иргэн цөөнгүй бий. Тэд хэрхэн нөхөж авах болон өвлөхийн тулд ямар алхам хийх вэ гэсэн асуултад хариулт хайлаа.
Нийтлэлч С.Туулын "1072 ХУВЬЦАА ӨВЛӨХ, НӨХӨН АВАХЫН ТУЛД ХИЙХ АЛХМУУД" нийтлэлээс
ДӨРӨВ. ГЭРЭЭГЭЭР ХАЛХАВЧИЛСАН ЗАЛИЛАН
Газраас чулуу аваад шидэхэд орон сууц худалдаж авахаар мөнгө өгөөд залилуулсан хүний толгой ононо гэх ёжлол үнэнд дөхжээ. Манай улсад үл хөдлөх нэн өндөр үнэтэй, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн олдоц тун ховор учир иргэдийн хувьд боломжиндоо тааруулаад байртай болох дөт сонголт нь компанитай захиалгын гэрээ хийх юм. Харамсалтай нь, компаниуд тэдэн оны тэр улиралд байр ашиглалтад орно гэж амладаг ч дийлэнх нь гэрээний хугацаанд ажлаа эцэслэдэггүй. Барилгын үйл ажиллагаа нь бүр зогссон аж ахуйн нэгж ч манайд олон бий. Орон сууцны захиалгын гэрээ хийж, хүмүүсээс авсан мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллага ажиллуулах, ямар нэг төрлийн бизнес хийх зэргээр хөрөнгө эргэлдүүлж буй нөхөд ч цөөн биш. Иргэдийг хохироож, өөрсдөө хожиж буй энэ үйлдэлд шийдэл олж, шийтгэлийн механизм бий болгох зорилгоор иргэн Б.Цэен parliament.mn нийтийн өргөдөл гомдлын цахим хуудсанд өргөдөл гаргаж гарын үсэг цуглуулсан. Захиалсан байрыг нь барихгүй, ашиглалтад оруулахгүй байгаа барилгын компаниудын асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, холбогдох этгээдийг 10 жилээр шийтгэдэг хуультай болох тухай тус саналыг 2000 орчим иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан юм. Үүгээр ч зогсохгүй “Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо” хүртэл байгуулагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шат, шатанд хүргэхийг мэрийж байгаагаас энэ асуудал нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрсныг харж болохоор байна.
Орон сууцны захиалгын луйвар сүүлийн жилүүдэд нэмэгдэж, эргэлдэх мөнгөн дүн нь үлэмж өссөн. Тоо сөхвөл, 2019-2025 онд энэ төрлийн 2365 гэмт хэрэг бүртгэгдэж, 4129 иргэн 216 тэрбум төгрөгөөр хохирчээ. Мөн тус гэмт хэргээс болж жилд учирсан хохирлын хэмжээ 2019 оноос хойш 46 дахин, сүүлийн нэг жилийн хугацаанд 3.5 дахин нэмэгдсэн гэдгийг ХЗДХЯ-наас мэдээлсэн юм.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "БАРИГДААГҮЙ БАРИЛГАД ХҮЛЭГДСЭН АМЬДРАЛ" нийтлэлээс
ТАВ. ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ БА ДАГАЛДАХ ХУУЛИУД
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ий өсөлтийн хэмжээ, инфляцын түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн суурь тэнцэл, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээг тус, тус тусгадаг. УИХ-д өргөн мэдүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2027-2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан эдгээр макро болон төсвийн үзүүлэлтийн төсөөллөөс илүүтэй энэ хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан хоёр хуулийн төсөл гол шүүмжлэл дагуулж байна.
Нийтлэлч М.Мөнхжаргалын "ТӨСВИЙН “ТОГТВОРГҮЙ” БАЙДАЛ" нийтлэлээс
ЗУРГАА. ӨРХ ДОТОР ӨРХ
Нүүдлийн мал аж ахуй бол Монгол орны гол ондоошил, омогшил, ялгарал юм. Тиймээс эрдэнэт мал сүргээ адгуулан гаршуулж, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүн нэг бүр эх орны үнэт капитал. Харамсалтай нь, нийгэм, эдийн засаг, цаг үеийн өөрчлөлт, хотжилт, мал ахуйн салбарын өсөлт, хөгжил зэрэг үлэмж хүчин зүйлийн нөлөөгөөр мал маллан аж төрөх залуусын тоо жил ирэх тусам цөөрөх хандлагатай байна. Эдгээрээс гадна орон нутгийн ард иргэдийн амьдралыг адармаатай болгож, малчдыг суурин бараадахад хүргэж буй өөр нэг томоохон хүчин зүйл бол хүүхдийн суралцах хэрэгцээ. Хүүхдүүд нь сургуулийн насанд хүрмэгц айл бараадуулах уу, аль нэг нь сум сууринд төвхнөх үү, гэрээсээ өөр орчинд хоног, хором байж үзээгүй бяцхан үрээ сургуулийн дотуур байранд оруулах уу гэх сонголттой малчин өрхүүд тулгардаг. Айл өрхийн дотоод асуудал мэт энэ нийтлэг бэрхшээл даамжирсаар нэн чухал нийгмийн асуудал болж хувирав. Учир нь үүний цаана гэр бүл салалт, араар тавилт, архидалт, хүүхдийн эрхийн зөрчил тэргүүтэй олон ээдрээ бий.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Хангалтгүй хариултын хариуд" нийтлэлээс
ДОЛОО. ТАРОТ БОЛ ТОГЛООМ
Тарот хөзөрт итгэх нь өөрөө гэм биш. Хүн бүр л ирээдүйгээ мэдэхийг хүсэж, эргэлзсэн үедээ тулж түших зүйл хайдаг. Ялангуяа, асуудлууд ар араасаа ундарч, хайр дурлал нь нурж, ажил үйлс нь бүтэлгүйтсэн нөхцөлд ямар нэгэн дохио хүлээж, тайвшрал эрдэг нь хүний төрөлх чанар. Гэвч тэр бүх шийдвэрээ хөзрийн зураг, бэлгэдэлд даатгаад эхэлбэл юу болох вэ? Учир нь хүний амьдрал хөзрийн ширээн дээр дэлгэсэн дүрснүүдээс хамаарахгүй. Хөдөлмөрлөсөн нь сайхныг бүтээж, алдаанаасаа сургамж авсан нь урагшилдаг жамтай. Гэтэл өнөөдөр зарим залуус ямар хүнтэй үерхэхээ, хэнтэй хамтрах, бүр ажлаа солих эсэхээ хүртэл таротын тайллаар шийдэх болжээ. Ингэснээр бодит амьдралын хариуцлагаас зугтаж, сонголтынхоо үр дагаврыг алганы зураас гэдэг шиг төөрөг тавилан руугаа чихэх муу зуршилд автаж байна.
Угтаа хүн өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээж сурсан цагт л төлөвшдөг. Харин мухар сүсэгт хэт автсан нийгэмд логик сэтгэлгээ бүдгэрч, бодит хөдөлмөрийн үнэ цэн унадаг. Түүх сөхвөл аливаа мухар сүсэг давамгайлсан нийгэм ихэвчлэн шинжлэх ухаан, боловсролоос хоцорч байсныг харж болно. Европт дундад зууны үед мэргэ төлөг, шашны мухар ойлголтод автсан цаг үеийг “хар үе” гэж нэрлэдэг нь учиртай. Харин гэгээрлийн эрин эхэлж, хүмүүс шалтгаан ба үр дагаврыг шинжлэх ухаанаар тайлбарлаж эхэлснээр хөгжин дэвшсэн. Дэлхий нийтээр өдгөө хиймэл оюун ухаан, сансар судлалын талаар мэтгэлцэж суухад хөзрийн мэргэ дагаж, түүгээр бор хоногоо болгож явах нь хоржоонтой хэрэг. Тэгээд ч амьдралын үнэ цэн хүний дотоод чанар, хөдөлмөр, боловсрол дээр тогтдог. Магадгүй хүн бүрийн дотор айдас их бага хэмжээгээр бий. Харин тэрхүү айдсыг давж шийдвэр гаргах зоригийг тарот бус өөрийн ухаан л өгнө. Тиймээс тарот хөзөр сайн эсвээс муу уршигтай гэхээс илүүтэй таны үзэл бодолд гол учир нь бий.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "ТОГЛООМООР ТӨӨРГӨӨ ДЭНСЛЭХ ҮҮ" нийтлэлээс
НАЙМ. ЭРЭЛТ БА УНАЛТ
2030 онд хөдөлмөрийн зах зээл эрс хувьсаж, одоогийнхоос тэс өөр ур чадвар, мэдлэг, мэргэжил үнэлэгдэх төлөвтэй байна. Тиймээс мэргэжлээ эмч, багш, нягтлан, хуульч гэхчлэн уламжлалт хандлагаар харж, академик боловсролыг урьдынх шиг төсөөлөх нь өрөөсгөл аж. 2026 он гарснаас хойш технологийн томоохон компанид ажилладаг 80 мянга гаруй хүн ажлын байраа алдсан нь дээрхийн нотолгоо. Үүний тал хувь нь хиймэл оюунт төхөөрөмжөөс үүдэлтэй гэдэг нь ч нэгийг өгүүлнэ. Тиймээс хүмүүс ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, AI-тай зэрэгцэн ажиллаж сурах шаардлагатай тулгарч байна. Энэ талаарх нэн сонирхолтой таамгийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан байна. Тэдний судалснаар, дэлхий даяар 2030 он гэхэд 92 сая хүн ажлаас халагдах төлөвтэй байгаа аж. Гэхдээ энэ нь хөдөлмөрлөх, өөрсдийн оюун ухаан, ур чадвараар хөрөнгө, мөнгө хураах орон зай хүмүүсийн хувьд үгүй болно гэсэн үг биш. Учир нь 92 сая хүн ажлаасаа халагдах ч 170 сая ажлын байр шинээр бий болох юм. Тэгэхээр ажлын байр, ажилчдын хэрэгцээ харин ч 78 саяар нэмэгдэх ханатай байна. Гэхдээ үүнд одооноос бэлтгэхгүй бол нэг талд ажилгүй иргэд олширч, нөгөө талд шаардлага хангах мэдлэг, ур чадвартай ажилтан хайсан компаниуд элбэгших эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжил, боловсрол нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй нийцэхгүй байх нь залуусын ажилгүйдлийн нэг гол шалтгаан болж мэдэх нь. 2030 он гэхэд ажилд шаардлагатай ур чадварын 39 хувь нь өөрчлөгдөж, ажлын байрны 22 хувь нь бүтцийн шинэчлэлд орох төлөвтэй байна.
Нийтлэлч О.Даваагийн "ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ ДҮРЭМ" нийтлэлээс
ЕС. ХЯЗГААР ГЭТЭЛСЭН СУРТАЛЧИЛГАА
Гартаа микрофон атгаж тайзнаа гарсан хэн бүхний үгийг монголчууд чих тавин сонсдог. Дууг бол сэтгэлийн угаас цэнгүүлнэ. Угтаа тэдэнд хэн байх нь, хэлсэн үг нь ихэнхдээ чухал биш. Ерөөс бусдын хэлснийг сармагчин адил даган дуурайж, зөв хэмээн итгэхээс өөрөөр эргэцүүлэн тунгаах чадвар бидний дийлэнхэд хомс. Харин өдгөө микрофон атгаж, хүссэнээ бусдад тулгаж заавар, зөвлөгөө өгдөг хүмүүсийн тайз нь цахим орчин руу шилжсэн. Ерөөс цахимд иргэдийн тархийг угааж, нийгэмд хор таригчид нь эрхтэн дархтнууд, хуурамч бараа бүтээгдэхүүн сурталчилж залилан хийгчдээс гадна инфлүүнсэр нэр зүүсэн, хандалтын төлөө улаан нүдээ ухаж өгөгсөд болжээ.
Урьдын цагийн сайн сайхныг манай ард түмэн санагалзах дуртай. Тэр цагийн нэгэнд “Микрофон аль, би үгээ хэлье” гэцгээдэг байсан бол өнөөдөр харин энгэртээ микрофон хадсан салбадайнуудыг сонордож, тэдгээрийн зааварласнаар гажуудсан амьдралаа засаж, нийгмийн хэтийдлийг дүгнэх болцгоов. Түүнээс гадна төрийн эргэлт хийж, хүрд эргүүлэх боломж иргэдэд бус инфлүүнсэрүүдэд байна. Учир иймээс улстөрчид иргэдийн үгийг сонсохоо больсон. Тэд өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд олонд нөлөөлөгч, цахимд хандалт өндөртэй инфлүүнсэрүүдийг ашиглах тогтолцоог бий болгосон. Мөнөөх орчин цагийн сэхээтнүүд гэж өөрсдийгөө дөвийлгөгчид нь сүүлдээ оодорч бусдын амьдралыг заадаг, аливаа мэргэжлийг сайн, муугаар нь ялгаж доромжилдог болцгоов. Ёстой түй чёрт!
Нийтлэлч Б.Алтанхуягийн "ХЯЗГААР ГЭТЭЛСЭН СУРТАЛЧИЛГАА" нийтлэлээс
АРАВ. АМ УУ, ХАМАР УУ
Хүн төрөлхтөн ам болон хамрын алинаар нь ч амьсгалах физиологийн боломжтой. Гэвч агаарыг зөв боловсруулж, бие махбодод оновчтой дамжуулах үндсэн эрхтэн нь хамар. Хамар бол зүгээр нэг агаар нэвтрүүлэх хөндий биш, харин гаднаас орж ирэх агаарыг шүүж, чийгшүүлж, биеийн температурт тохируулан дамжуулдаг байгалийн “шүүлтүүр” юм. Ингэж шүүгдсэн агаар амьсгалын замаар дамжин уушгины цулцангуудад хүрэхэд хийн солилцоо явагдаж, хүчилтөрөгч цусанд шингэн, нүүрсхүчлийн хий (CO2) гадагшилдаг. Нэг үгээр хамраар амьсгалах нь амьсгалын гол булчин болох өрцийг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр уушгины доод хэсэг бүрэн тэлж, цусанд хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хамар нь уушгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах хөшүүрэг болдог аж.
Харин амаар амьсгалах үед энэхүү механизм алдагдаж, хүйтэн, бохир агаар шууд уушгинд нэвтэрдэг. Үүний улмаас амьсгал гүн биш, харин цээжний дээд хэсгийг хамарсан өнгөц, түргэн болж өөрчлөгддөг. Энэ нь бие махбодод “аюул тулгарлаа” гэсэн дохио өгч, зүрхийг илүү ачаалуулж, биеийг байнгын түгшүүртэй, ядарсан хэмнэлд оруулдаг аж. Ялангуяа шөнийн цагаар амаараа амьсгалж унтах нь хурхирах, нойрон дунд амьсгал тасалдах үндсэн шалтгаан болдог төдийгүй дараагийн өдрийг нь эрч хүчгүй, сульдсан байдалтай угтахад хүргэх зэрэг маш олон сөрөг нөлөөг үзүүлнэ.
Нийтлэлч И.Сарангоогийн "АМЬСГАЛЫН ХҮЧ" нийтлэлээс
АРВАН НЭГ. ТҮҮХИЙН ЭКСПОРТ
Ойрмогхон Sotheby's дуудлага худалдаагаар 1950-аад оны шилэн тавцантай модон ширээ хоёр сая ам.долларын үнэ хүрч интерьер сонирхогчдын дунд шуугиан тарив. Зуун дамнасан түүх агуулах эртний эдлэл ч бус алтаар бүрж, эрдэнийн чулуу шигтгээгүй ердийн тавилгыг үнэ хаялцуулах санаа ч соньхон. Гэвч үнэ цэн нь юугаар урлаж, хэдий хугацааг элээсэндээ бус гагцхүү хүний гарын хээ шингэсэн өөрийн түүхтэй эд зүйл гэдэгтээ байгаа юм.
Товчхондоо XXI зууныхан шинэ зүйлээс залхаж эхэлжээ. Хэзээ ч ийм их үйлдвэрлэж, хурдан хэрэглэж, амархан хаяж байгаагүй атлаа дэлхий даяар хүмүүс “хуучин” зүйл рүү хошуурах боллоо. Залуус эртний эдлэлийн дэлгүүр хэсэж, пянз цуглуулан, 1970-аад оны сандал худалдаж авч, өвөөгийнхөө хуучин бугуйн цагаар гангарна. TikTok дээр “vintage haul”, “thrift flip”, “antique hunting” гэсэн үгс хэдэн тэрбум үзэлттэй болж, интерьерийн хамгийн хүчтэй тренд нь “шинэ биш харагдах” болжээ.
Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн "ДУРСАМЖИЙН ХУДАЛДАА" нийтлэлээс
