
Сөүлийн хотын зөвлөл 70 ба түүнээс дээш насны иргэдийг автобусанд үнэ төлбөргүй зорчуулах тухай журам баталлаа.
Сөүл хотын даргын тогтоосон шалгуурын дагуу ахмад настнуудын хотын болон нийтийн автобусны төлбөрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн татаасжуулахыг тусгасан энэхүү санал зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар 69-1-ийн саналаар батлагджээ. Татаасын хэмжээ болон хэрэгжүүлэх аргачлал зэрэг нарийвчилсан асуудлыг хотын захиргаа дараа нь шийдвэрлэх юм.
Мөн хотын захиргаа метроны үнэгүй зорчих эрх эдлэх насыг одоогийн 65-аас 70 болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж байна.
Ахмад настнуудад автобусанд үнэгүй зорчих эрх олгох санаачилга нь Сөүлийн хотын дарга О Сэ Хүний зургадугаар сарын 3-ны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг байжээ.
Энэхүү бодлого нь метроны буудалгүй бүсэд амьдардаг иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
Гэхдээ санхүүгийн ачааллыг багасгахын тулд үнэгүй зорчих тоог сард 14 удаагаар хязгаарлаж магадгүй гэдгээ хотын захиргаанаас мэдэгдсэн байна.
Хотын захиргааны тооцоолсноор ийм хэмжээний үнэгүй зорчилтыг санхүүжүүлэхэд жилд ойролцоогоор 52.5 тэрбум вон шаардлагатай. Харин метроны үнэгүй зорчих насыг 70 болгон нэмэгдүүлснээр жилд 57.2 тэрбум воны нэмэлт орлогоор энэ зардлыг нөхөх боломжтой аж.
Хотын дарга О Сэ Хүн ирэх сарын эхээр ахмад настнууд, мэргэжилтнүүд болон олон нийтийн санал бодлыг сонсох зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэрэв нийгмийн зөвшилцөл богино хугацаанд бүрдвэл шинэ тогтолцоог ирэх оноос хэрэгжүүлэх боломжтой гэж хотын захиргаа үзэж байгаа ч одоогоор тодорхой хугацаа тогтоогоогүй байна.