
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээний нэг юм. Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор замын хөдөлгөөн, цэцэрлэг сургуулийн бүртгэлийг цахимаар хийж, их дээд сургуулийн сургалт цахимаар эхэлж, танхимаар явуулах зэрэг цөөнгүй өөрчлөлт оруулахаар болсныг нэгтгэн хүргэе.
Тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд өөрчлөлт орно
Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
COP17-ын үеэр Нарантуул зах руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгахын тулд авто зогсоолуудыг хаана.
Мөн Намянжүгийн гудамж, Нарны зам зэрэг зам дагуух зогсоолуудыг хаана. Нарантуулын уулзвараас Дүнжингарав зах хүртэлх замуудыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хаахаар болсон байна. Жич: Уг хугацаа өнөөдрийн байдлаар бүрэн тодорхой болоогүй байна.
8 дугаар сарын 26-наас тус хэсэгт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин, цагдаа, түргэн тусламжийн автомашиныг нэвтрүүлнэ.
Цэцэрлэгийн бүртгэлийг E-Mongolia системээр, их дээд сургуулийн хичээлийг цахимаар хийнэ
COP17-г зохион байгуулах ажлын хэсгээс наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт орууллаа.
Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-23-ны өдрүүдэд, нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ. Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар, есдүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ. Оюутнуудын дотуур байрыг есдүгээр сарын 13-наас эхлэн нээнэ. Харин ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалтын хүрээнд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй, цахимаар бүртгэнэ.
СОР17 хурал хаана болох вэ?
COP17 бол Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ юм. COP17 гэдэг нь "Оролцогч талуудын 17-р бага хурал" гэсэн утгатай. Уг хурлаас гарсан баримт бичиг нь цөлжилтийн эсрэг ирэх хоёр жилийн замын зураглал болдог. Өөрөөр хэлбэл талууд хурлаас гарсан зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийн дагуу дотоодын бодлогоо тодорхойлох бөгөөд НҮБ-ын байгууллагууд санхүү, арга зүйгээр тусалдаг.
Монгол Улсад болох уг хурал наймдугаар сарын 17-ноос 28-ны хооронд Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Талуудын бага хурал зохион байгуулагдах орчныг цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд хуваажээ.
Цэнхэр бүс нь COP17 хурлын үндсэн талбар бөгөөд албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалт, шийдвэр гаргах арга хэмжээ болно. Энэ бүсэд зөвхөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын итгэмжлэлтэй байгууллагуудын төлөөлөл нэвтрэх боломжтой.
Ногоон бүсийн хувьд иргэд олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацын нээлттэй орон зай байх аж.
Томоохон үйл ажиллагааг зохион байгуулах учир Сайн дурын идэвхитэн сонгон шалгаруулж эхэлжээ. Сайн дурын идэвхитэн нь хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх юм.