Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар Авлигатай тэмцэх зорилтын хүрээнд гэмт хэргийг илрүүлэх ажлын идэвхжүүлсэн. Уг ажлын хүрээнд урт хугацааны турш хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах зорилгоор хөрөнгө оруулалт хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлжээ.
Энэ хэрэгт Монгол Улсын иргэн “М”, “Н”, “П” нарыг холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Тухайн этгээдүүд нь 20 гаруй жилийн турш мөрийтэй тоглоом зохион байгуулж, сүүлийн таван жилд 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар олж, зах зээлд эргэлдүүлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.
Сэжигтэн этгээдүүд хууль бусаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор барилгын салбарт хөрөнгө оруулж, татварын мэдээллээ удаа дараа хуурамчаар тайлагнан, татвараас зайлсхийж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.