
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын тэмцээн талдаа орлоо. Фүкүокад болж буй Кюүшюү башёг ёкозүна Ооносато, озэки Киришима Б.Лхагвасүрэн, сэкивакэ Атамифүжи нарын өндөр цолтой бөхчүүд найман даваа, нэг унаатай тэргүүлж байна. Харин тэргүүлэгч бөхчүүдийн эгнээнд маэгаширагийн 7-с барилдаж буй Вакамотохарюү найман даваатай орж ирлээ. Мөн эдгээр бөхчүүдийн араас долоон даваа, хоёр унаатай Асахакүрюү Р.Жамъянтогтох, Казахстаны бөх Кинбозан нар удаалж эхэлсэн бол хамгийн ахмад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил, Роога А.Амарсанаа тэргүүтэй зургаан бөх тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.
Башёгийн 10 дахь өдөр буюу өнөөдөр найман даваатай тэргүүлж буй ёкозүна Ооносато сэкивакэ Атамифүжи нар барилдахаар оноолт таарчээ. Мөн дөрвөн даваатай ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн хоёр даваатай Такаруфүжитэй барилдана.
