
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наймдугаар сарын 16-д “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажилласан. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 60 гаруй хувьтай биелүүлжээ. 35 жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулаад буй тус уурхайд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон хангамж хүндрэл үүсгэж эхэлсэн байна. Үүнээс гадна уурхайд 7 жилийн өмнөөс хөрсний гулсалт үүссэн нь хамгийн том асуудал болжээ. “Шивээ Овоо” ХК-ийн танилцуулсан зарим асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Хуралдаанаар
- “Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
- “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Бусад асуудлыг хэлэлцэж байна.