
Австралийн Батлан хамгаалахын сайд мягмар гарагт F-35 сөнөөгч онгоцны эд ангиудыг андуурч Хонконг руу илгээсэн гэх мэдээллийг баталжээ. Энэ талаар АНУ-ын хууль тогтоогчид шалгалт явуулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнээс үүдэн БНХАУ АНУ-ын цэргийн эмзэг технологид нэвтрэх боломжтой болсон байж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.
“Бид энэ талаар мэдээлэл авсан, мөн мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн тусалж болох талаар АНУ болон Lockheed компанитай хамтран ажиллаж байна” гэж Батлан хамгаалахын сайд Ричард Марлес Аделаида хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт "Politico" уг асуудлыг анх мэдээлэхдээ энэ зун Австралиас засвар хийхээр АНУ -руу илгээсэн F-35 онгоцны эд ангиудын тээвэрлэлтийн чиглэлийг замд нь өөрчилсөн гэдгийг дурджээ. F-35 онгоц үйлдвэрлэгч "Lockheed Martin"-ийн нэрийн өмнөөс зуучлагч байгууллага эд ангиудыг тээвэрлэжээ.
Тээвэрлэлтийн чиглэлийг яагаад өөрчилсөн, мөн эд ангиуд хэрхэн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгод хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна.
АНУ-ын албаныхан Хятад улс F-35-ийн загварын мэдээлэл зэрэг Америкийн дэвшилтэт зэвсгийн эмзэг мэдээлэлд нэвтрэх боломжтой эсэхэд олон жилийн турш санаа зовниж ирсэн.
Тав дахь үеийн F-35 Lightning II сөнөөгч онгоцыг дэлхийн хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцнуудын нэг гэж үздэг. "Lockheed Martin" үүнийг “хамгийн өндөр хөнөөх чадвартай, амьд үлдэх боломж өндөртэй, хамгийн сайн сөнөөгч онгоц” хэмээн тодорхойлдог.
“Бид эдгээр эд ангиудыг буцаан олж авах, уг үйл явдлыг шалгах, цаашид ийм зүйл давтагдахаас сэргийлэх хамгаалалтын арга хэмжээ авахын тулд АНУ-ын эрх баригчид болон салбарын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна” гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч CNN-д мэдэгджээ.
"Lockheed"-ийн мэдээлснээр, F-35 хөтөлбөрийн албан ёсны түнш найман улс байдаг нь АНУ, Их Британи, Австрали, Итали, Нидерланд, Канад, Дани болон Норвеги юм. Гэхдээ хэд хэдэн улс F-35 онгоцтой холбоотой тусдаа хөтөлбөрүүдэд оролцдог байна.
Австрали улс анхны F-35 онгоцоо 2014 онд хүлээн авсан бөгөөд тус улсын Агаарын цэргийн хүчин 2025 онд F-35 онгоцны бүрэн ажиллагааны чадавхад хүрсэн гэж "Lockheed"-ийн мэдээлэлд дурджээ.