
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг удирдах ажилтнууд болон зарим эмч нар хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар УНТЭ-ийн удирдлагын томилгоо болон ТУЗ-ийн үйл ажиллагаа нь улс төрийн оролцоотойгоор хэрэгжиж буйг онцолж, хууль болон журмын тодорхойгүй байдлын улмаас ТУЗ-ийн бүрэн эрх дууссан гишүүдийг нөхөн томилоогүй байгаа талаар мэдээллийг өглөө.
УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажилладаг. Харин яаралтай тусламжийн 12 ор засварт орсноос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Засвар найман сар үргэлжилж байгаа ч одоогоор бүрэн хүлээлгэж өгөөгүй . Өмнө нь эмнэлгийн удирдлага жилд нэг, хоёр удаа солигддог байсан бол сүүлийн үед энэ байдал улам дордож, долоо хоногт хэд хэдэн удаа дарга солигдох тохиолдол гарч байна. Хэтрүүлэн хэлбэл, нэг өдөрт хоёр, гурван удаа удирдлага өөрчлөгдөх явдал ч гарч байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэв.

Мөн УНТЭ-ийн эмнэлгийн төлөөлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог “Эмнэлгийн төлөөллийн албаны дарга болох ёстой есөн гишүүнээс дөрвийнх нь нөхцөл байдал тодорхойгүй байна. ТУЗ-ийн хууль бус үйл ажиллагаа болон дүрэм, журмаас гадуурх шийдвэр гаргалтад хэн хариуцлага тооцох, хэн түүнийг хянах гэдэг нь тодорхойгүй байгаа тул Засгийн газар болон төрийн дээд байгууллага хяналтаа авах уу?” гэдэг асуулт тавигдаж байгаа. ТУЗ-ийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гаргадаг байдал, харилцааны ёс зүйн хэм хэмжээ, шийдвэр гаргасан үндэслэлийн тодорхойгүй байдал, хууль бус ч байж болохуйц шаардлага тавьдаг зэргээс хамаарч шударга бус үйл ажиллагаа явуулах, үнэнтэй эвлэрэх боломжгүй тул миний бие шаардлагатай бол тус албан тушаалаас татгалзаж чөлөөлөгдөхөд бэлэн байна” гэлээ.
Тус эмнэлэг он гарснаар нийт 3 удаагийн захирлын чөлөөлөлт болон томилгоо хийгдэж байгаа ба ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлэх албан тушаалтан хэн болох нь ойлгогдохгүй болж, ажил хүлээлцэх болон баримт бичиг хүлээлцэх процесс тодорхойгүй болж захиргааны ажил гацах бодит нөхцөл бүрдсэн бөгөөд энэ талаар эмч, ажилчид ийнхүү шүүмжлэлтэй хандав.
Ийнхүү удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгаа аж.