
Гүржийн Тбилиси хотод болсон пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын эрэгтэй жүдочид хүрэл медаль хүртлээ.
44 орны 290 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нараар удирдуулсан эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин оролцсоноос эрчүүд медальт байранд шалгарлаа.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд J1 ангиллын 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва, J1 ангиллын +95 кг-д Д.Ганбат, П.Эрдэнэбилэг нар багтсан.
Манай баг хэсэгтээ Японтой 3:3-аар тэнцэн нэмэлт барилдаанд сугалаагаар J1 ангиллын 81 кг-ын жин сонгогдож, манай улсаас Г.Чулуунсүх дэвжээнд гарч ялсан байна. Улмаар Туркийн шигшээтэй мөн л 3:3-ээр тэнцэхэд, нэмэлтээр мөн Г.Чулуунсүхийн жинг сугалжээ. Тэрбээр өрсөлдөгчөө вазаригаар ялснаар Монголын баг хагас шигшээд шалгарсан ч зохион байгуулагч Гүржид 0:4-ээр ялагдав.
Ингээд манай жүдочид хүрлийн төлөө Молдавын багтай мөн 3:3-аар тэнцэж, нэмэлт сугалаагаар ялагч тодрох болсон. Энэ барилдаанд J1 ангиллын 81 кг-ын жинг сугалсан Г.Чулуунсүх өрсөлдөгчөө ялснаар Монголын баг хүрэл медалийн болзол хангаж, медалийн тавцанд зогслоо.
Ийнхүү манай пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ.
Харин хувийн барилдаанд J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Сувд-Эрдэнэ, +70 кг-д Л.Туруунаа нар шагналт тавдугаарт байр эзэлсэн нь манай тамирчдын хамгийн өндөр амжилт болов.