Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журамд 2020 оны тавдугаар сарын 27-ны 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны 393 дугаар тогтоолоор Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтад “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөөд байсан юм.
“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтаас хасах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.