
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт Орос улс олон жилийн холбоотон Умард Солонгостой тийрэлтэт хөдөлгүүртэй дроны технологио хуваалцсан байж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Орос Украин руу тийрэлтэт хөдөлгүүртэй дрон ашиглан хийх халдлагаа эрс нэмэгдүүлсэн аж. Украин одоогоор эдгээр дроныг сөнөөгч онгоц ашиглахаас өөр үр дүнтэй аргаар сөрөн зогсох боломж хязгаарлагдмал байгаа юм.
Дайны эхэн үед Умард Солонгос Орост хэдэн сая их бууны сум нийлүүлж байсан бол дараа нь Москва Украины хотууд руу тогтмол ашигладаг баллистик пуужингуудыг мөн нийлүүлжээ.
Өмнө нь Өмнөд Солонгос болон барууны орнууд Москва Украин дахь дайнд Орост үзүүлж буй дэмжлэгийнх нь хариуд Пёньянд зэвсгийн технологи хөгжүүлэхэд нь тусалж байж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан юм.
Умард Солонгосын хэдэн мянган цэрэг Орос руу илгээгдэж, дайнд байлдааны туршлага хуримтлуулсан гэгддэг.