
Монгол Улсын спортын шилдэг тамирчдад олгогддог “Бөртэ чоно-2025” шагналын шилдэг залуу тамирчнаар Машбатын Цэндбазар тодорсон. Түүний шагналыг 2024 оны “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү гардуулан өгсөн юм.
Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 57 кг-ын жинд Монголын тамирчин хоёр жил дараалан түрүүлсэн. Өнгөрсөн жил Т.Ариунзаяа энэ жинд дэлхийн аварга болж байсан бол энэ жил М.Цэндбазар энэ амжилтыг давтсан.
Ингээд “Бөртэ чоно 2025” шагналын эзэн, залуу тамирчин Машбатын Цэндбазартай ярилцсанаа хүргэе. Тэрээр нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн ахлах ангид суралцдаг.
Энэ жил 17 настай, өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазарын дасгалжуулагчаар "Рио 2016" олимпын наадмын хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг ажилладаг юм.
-Юуны өмнө “Бөртэ чоно” шагналын эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, үнэхээр их баярлаж байна. Би жүдо бөхийн спортоор ес дэх жилдээ хичээллэж байна. Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. “Бөртэ чоно” хүндтэй шагналыг гардах хүртэл маш их хичээл зүтгэл гаргасан. Ялалт, ялагдлын минь хажууд байдаг аав, ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өдийг хүртэл намайг дасгалжуулж байгаа Г.Отгонцэцэгтээ багшдаа маш их баярлаж байна.
-Жүдо бөхийг яагаад сонгох болсон бэ?
-Би багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Спортын аль ч төрөлд дуртай. Жүдод орсон гол шалтгаан бол багш маань нөлөөлсөн. Аавтайгаа хамт жүдо бөхийн “Winner” клубтэй танилцаад шийдвэрээ гаргаж байсан. Манай гэрийн хажууд клуб байдаг учраас сонгоход амар байсан. Өнөөдөр эргээд харсан чинь есөн жил болсон байна. Жүдог сонгосны дараа олон гоё зүйлтэй таарч байна.
-Өсвөрийн дэлхийн аварга болсон барилдааны талаар эргээд нэг дурсахгүй юу?
-Би жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан оролцсон. Эхний жилдээ ганц ялагдаад тэмцээнээ дуусгаж байлаа. Мэдээж энэ үед шантрах эсвэл жүдог орхих үе ч бодогдож байсан. Гэхдээ гэр бүлийнхэн, багш маань сайн дэмждэг байсан болохоор өөртөө улам итгэлтэй болсон. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүссэн барилдаанаа хийж, аваргын алтан медалийг хүртсэн. Финалын барилдаанд Японы бөх Нонока Ямакаваг ялсан. Мэдээж энэ бол багш, бид хоёрын зорьсон ялалтын эхнийх байсан. Өсвөрийн дэлхийн аварга болоод өнөөдөр ийм хүндтэй шагналыг авлаа.
-Энэ жил насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээнд оролцсон. Томчуудтай өрсөлдөхөд ямар байсан бэ?
-Жүдо бөхийн цуврал “Их дуулга” тэмцээнд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд багтсан. Мэдээж анхны тэмцээн учраас маш том туршлага боллоо. Томчуудтай барилдахад хэцүү шүү дээ. Эгч нартай барилдах үед олон зүйлийг мэдэж авсан. “Их дуулга” тэмцээнээс их зүйлийг олж харсан. Зоригтой байх юм бол дутах юм алга гэдгийг анзаарсан. Би эхний барилдаандаа алдаа гаргаад ялагдсан байх гэж боддог. Цаашдаа алдаагаа засаад сайн барилдана.
-Та хэнийг шүтдэг вэ?
-Надад жүдо бөхийн эрдмийг зааж өдийг хүртэл бүхнээ зааж, сургаж байгаа Г.Отгонцэцэг багшийгаа шүтдэг. Гадаадын тамирчдаас Японы бөх, ах дүү Абэ нарыг шүтэж, тэдний барилдааныг үзэх дуртай.
-Энэ жилийн оны шилдэг залуу тамирчдад олон тамирчин нэр дэвшсэн. Таны хувьд анх удаа “Бөртэ чоно” шагналыг хүртлээ. Мөрөөдлөө хуваалцаач. Ойрын оролцох ямар тэмцээн байгаа вэ?
-Баярлалаа. Энэ хүндтэй шагналыг аваад улам их хичээх болсноо мэдэрч байна. Мэдээж тамирчин хүн бүрийн хүсэн хүлээдэг олон зүйлийг бодож байна. Олимп, дэлхийн аварга болох, багшийнхаа гаргаж чадаагүй амжилтыг гаргана гэж бодож байна. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг зорьж байна.

