
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ анх удаа унц нь 5000 ам.доллар давж, санхүүгийн түүхэнд шинэ жишиг тогтоов. Ингэснээр өнгөрсөн онд 60 гаруй хувиар нэмэгдсэн алтны үнийн огцом өсөлт үргэлжилж байна.
Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь дэлхий дахинд нэмэгдэж буй улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал юм. Ялангуяа АНУ болон НАТО-гийн хооронд Гренландын асуудлаас үүдэлтэй маргаан хурцдаж, мөн Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй худалдааг хязгаарласан бодлого зах зээлд болгоомжлол төрүүлж байна. Тэрээр Канад улс Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулбал 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхааруулсан нь хөрөнгө оруулагчдын түгшүүрийг улам нэмэгдүүлжээ.
Ийм үед алт, мөнгө зэрэг үнэт металлыг хүмүүс эрсдэл багатай хөрөнгө гэж үзэн худалдан авдаг. Үүний зэрэгцээ мөнгөний үнэ ч мөн адил унц нь 100 ам.долларт хүрч, түүхэндээ анх удаа энэ босгыг давлаа. Өнгөрсөн жил мөнгөний үнэ бараг 150 хувиар өсөөд байв.
Алт яагаад ингэж үнэд хүрэв?
Алтны үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:
Үүнээс гадна Украин, Газын зурваст үргэлжилж буй зөрчил мөргөлдөөн, мөн Венесуэлийн удирдагч Николас Мадуротой холбоотой хурцадмал үйл явдлууд зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, алтны үнийг улам өдөөж байна.
Алтны бас нэг онцлог нь хомсдол юм. Дэлхийн Алтны Зөвлөлийн мэдээлснээр өнөөг хүртэл нийт 216 265 тонн алт олборлосон нь гурав, дөрвөн усан санг дүүргэхтэй тэнцэх хэмжээ аж. АНУ-ын Геологийн Албаны тооцоогоор олборлогдоогүй үлдсэн алт 64 000 тонн орчим байгаа ч ойрын жилүүдэд олборлолт тогтворжих төлөвтэй байна.
“Алт бол хэн нэгний өр төлбөр, эсвэл компанийн ашиг орлогоос шууд хамааралгүй хөрөнгө. Хувьцаа, бондоос ялгаатай нь өөрийн үнэ цэнээ хадгалж чаддаг,” хэмээн үнэт металл боловсруулах компанийн зах зээлийн мэргэжилтэн Николас Фраппелл онцолжээ.
Хүмүүс яагаад алт руу хошуурч байна вэ?
Өнгөрсөн жил алтны үнэ сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр өссөн нь худалдан авагчдын итгэлийг улам баталгаажууллаа. Худалдааны маргаан, санхүүгийн зах зээлийн савлагаа, шинэ технологитой холбоотой хувьцаанууд хэт үнэлэгдсэн байж болзошгүй гэх болгоомжлол нь хөрөнгө оруулагчдыг алт руу чиглүүлж байна.
Мөн бодлогын хүү буурна гэсэн хүлээлт алтны үнийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Хүү буурах үед хадгаламж, бондын өгөөж багасан хүмүүс бодит үнэ цэнтэй хөрөнгийг илүүд үздэг. Энэ онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хоёр удаа бууруулна гэсэн хүлээлт давамгайлж байна.
Алт зөвхөн эдийн засгийн хэрэгсэл биш
Алт бол зөвхөн хөрөнгө өсгөх хэрэгсэл төдий зүйл биш. Олон орны соёлд алт нь баяр ёслол, хурим найр, уламжлалтай салшгүй холбоотой. Энэтхэгт Диуали баярын үеэр алт худалдан авах нь эд баялаг, аз хийморь дуудах ёстой гэж үздэг. Олон улсын санхүүгийн байгууллагын тооцоогоор Энэтхэгийн өрхүүд нийтдээ 3.8 их наяд ам.долларын алт эзэмшдэг нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 90 хувьтай тэнцэж байна.
Харин Хятад улс дэлхийн хамгийн том алт хэрэглэгч орон бөгөөд Хятадын шинэ жилийн үеэр алтны эрэлт улирлын чанартайгаар нэмэгддэг. Ирэх хоёрдугаар сард эхлэх Морин жилтэй холбоотойгоор энэ өсөлт аль хэдийн мэдрэгдэж эхэлжээ.
Цаашдын төлөв
Алтны үнэ дэлхийн үйл явдал, мэдээ мэдээлэлд мэдрэмтгий хэвээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхий дахинд тогтворжсон, эерэг мэдээ гарвал алтны үнэ буурах магадлал бий. Гэсэн ч өнөөгийн нөхцөлд алт нь тодорхойгүй ирээдүйн өмнө хамгийн найдвартай, эрсдэл багатай хөрөнгө хэвээр байна.
Б.Марал-Эрдэнэ