Энэтхэгийн Гужарат мужийн Ахмедабад хотын нисэх буудлаас
Их БРитанийн нийслэл Лондон хотын Гэтвик нисэх буудлыг чиглэсэн онгоц хөөрөөд
удалгүй суурьшлын бүсэд унаж осолдсон харамсалтай үйл явдал боллоо.
Боинг 787-8 Дриймлайнер зорчигч тээврийн онгоц нислэгийн зурвасаас хөөрөөд ердөө 30 секундын дараа нисэх буудлын гадна байрладаг анагаахын сургуулийн оюутнуудын дотуур байран дээр унасан байна. Осол орон нутгийн цагаар өчигдөр 13:38 цагт болжээ.
Онгоцон дотор 230 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний 12 гишүүн гээд нийт 242 хүн байсан. Онгоцны ослоос ганц хүн эсэн мэнд үлдсэн. Энэ хүн ослын газраас алхаж гарч ирсэн тухай гэрчүүдийн яриаг хэвлэлүүд дамжуулсан байна. Амьд үлдсэн Вишваш Кумар Рамеш нь Энэтхэг гаралтай Их Британийн иргэн бөгөөд ослоос хэрхэн амьд гарсан тухайгаа өөрөө ч сайн мэдэхгүй байна гэж хэлжээ. Тэрээр нүүр, их биеийн хэсэгтээ шарх авсан ч ноцтой хүнд бэртээгүй байна. Эмнэлэгт хэвтэж байгаа амьд үлдсэн зорчигч дээр Энэтхэгийн Дотоод хэргийн сайд очиж уулзжээ. Амьд үлдсэн зорчигч Боинг Дриймлайнер онгоцны 11А суудал дээр сууж байжээ.
Онгоцон дотор байсан үлдсэн 241 хүн бүгд газар дээрээ амиа алдсан. Энэ нислэгээр Энэтхэгийн 169 иргэн, Британийн 53 иргэн, Португалын 7, Канадын 1 иргэн нисэж байсан.
Онгоц осолдсон анагаахын сургуулийн оюутнуудын дотуур байранд 50 орчим оюутан байсан гэж үзэж байна. Цайны цаг байсан учраас оюутнууд үдийн хоолоо идэж байжээ. Оюутнуудыг эмнэлэгт хүргэсэн гэж мэдээлээд байгаа боловч амьд хүн үлдсэн гэх найдвар бараг тасарсан. Тиймээс онгоцон дотор байсан 241 хүн, дотуур байранд байсан 50 оюутан нийлээд 290 гаруй хүн амь үрэгдсэн байж болзошгүй байна.
Өнөөдөр өглөөний байдлаар ослын газраас хохирогчдын цогцсыг бүрэн зөөж дууссан байна. Одоо тэдний ДНХ-ийн мэдээллийг таниулж, нэр хаягийг нь тогтоох ажил үргэлжилж байгаа юм. Ослоор хайртай дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүд Ахмедабад хотын эмнэлгийн гадаа цуглажээ.
Мэдээж хэрэг ослын шалтгаан юу байв, онгоц чухам яагаад дөнгөж хөөрөөд удалгүй унаваа гэдэг анхаарлын төвд байна. Одоогоор албаны хүмүүс ослын шалтгааны талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Гэхдээ мөрдлөг шалгалт үргэлжилж, Боинг компанийн зүгээс ослын шалтгааныг тогтооход Air India компанитай хамтарч ажиллахаа мэдэгджээ.
Хэдийгээр албан ёсны мэдээлэлгүй боловч ослын шалтгааны талаар агаарын тээврийн салбарын шинжээчид хэд хэдэн таамаг дэвшүүлээд байна. Онгоц ердөө 190 метрийн өндөрт хүрээд буцаж доошилж унасан.
Нэгдүгээрт онгоц хөөрөөд 30 секунд болоод осолдоход байж болох шалтгаанууд дундаас хамгийн боломжтой нь онгоцны давхар хөдөлгүүрийн гэмтэл байж болзошгүй. Гэхдээ ийм тохиолдол маш ховор гардаг. Онгоцны хоёр хөдөлгүүр эвдэрсэн тохиолдолд нисгэгчид хариу арга хэмжээ авах ямар ч цаг гарахгүй юм байна.
Хоёрдугаарт онгоц шувуун сүрэгтэй мөргөлдсөн байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлжээ. Энэтхэгийн Ахмедабад нисэх буудлын ойролцоо шувуу сүрэглэх нь их байдгийг нисгэгчид болон шинжээчид хэлсэн байна.
Гуравдугаарт онгоц хөөрөхдөө далавчийн доор байдаг сөхөвчөө бүрэн дэлгэж чадаагүй байж магадгүй. Онгоцны далавч бүрэн дэлгэгдээгүй учраас бүрэн өндрөө авч нисэж чадалгүй богино хугацааны дараа эргээд унасан байж болзошгүй гэсэн таамгуудыг шинжээчид дэвшүүлээд байна.